ШИНЭ НЭРБ.Ариунзул: Миний дараагийн зорилго 2028, 2032 оны олимпын наадамGoogle PlusLinkedinИ-мэйл
Б Эрдэнэзаяа
- Спорт
- Ярилцлага
2026-08-07
“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор Монголын чөлөөт бөхийн залуу тамирчин Болдбаатарын Ариунзулыг онцолж байна. Тэрбээр, Азербайжан Улсын нийслэл Баку хотноо болсон 17 хүртэлх насны (U17) Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 65 кг-ын жинд түрүүлж, Монголын эмэгтэй тамирчдаас анх удаа энэ насны ангиллын дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн амжилтын эзэн болсон юм. Ингээд түүнтэй танилцъя.
БОЛДБААТАРЫН АРИУНЗУЛ
2009.03.17
Төгссөн сургууль
Спортын төв сургууль /одоо суралцаж буй/
Сошиал хуудас
Б.Ариунзул /facebook/

-ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИА ХҮЗҮҮНДЭЭ ЗҮҮСЭН ТЭР МӨЧИД ХАМГИЙН ТҮРҮҮНД ЮУ БОДОГДСОН БЭ?
-Дэлхийн дэвжээнд Монгол Улсын төрийн дууллыг анх удаа өөрийнхөө ялалтаар эгшиглүүлнэ гэдэг үнэхээр үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж байсан. Медалиа гардаж, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа сонсож зогсох үед нүд өөрийн эрхгүй нулимсаар дүүрсэн.
-“МОНГОЛЫН АНХНЫ” ГЭХ ТОДОТГОЛТОЙ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО ШҮҮ ДЭЭ…
-Мэдээж маш том хариуцлага гэж бодож байна. Энэ амжилт зөвхөн минийх биш, намайг бэлтгэсэн багш нар, гэр бүл, хамт олон, Монголын чөлөөт бөхийн тамирчдын хамтын хөдөлмөрийн үр дүн. Тиймээс энэ амжилтаараа зогсохгүй, улам их хөдөлмөрлөж, илүү өндөр түвшинд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Цаашдаа ч бэлтгэлээ улам сайн хийж, Монголынхоо нэрийг олон улсын дэвжээнд дахин дахин дуурсгахыг хүсэж байна.
Дасгалжуулагч маань үргэлж “Чи чадна. Чи чадахгүй бол өөр хэн ч чадахгүй” гэж зориг өгдөг байсан. Тэр үг миний хамгийн том хүч болсон.
Мөн аваргын төлөө барилдахаасаа өмнө аав, ээжтэйгээ ярьсан. Тэд минь надад маш их итгэл өгсөн болохоор би өөрөө ч өөртөө бүрэн итгэлтэй дэвжээнд гарсан. Гэр бүлийнхнийхээ тэр итгэлийг алдахгүй юм сан гэсэн бодол намайг улам хурцалж байсан.
-СОШИАЛ ОРЧИНД ХҮМҮҮСИЙН БАЯР ХҮРГЭЖ БАЙГАА СЭТГЭГДЛҮҮДИЙГ УНШААД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРСӨН БЭ?
-Тэмцээнээс ирээд сошиал сүлжээгээр хүмүүсийн баяр хүргэсэн сэтгэгдэл, бичлэг, зураг, нийтлэлүүдийг хараад өөрийн эрхгүй баярлаж, “Би үнэхээр чаджээ” гэж бодсон. Намайг танихгүй олон хүн Монголынхоо төлөө бахархаж, урмын үг илгээж байгааг харах сайхан санагдсан. Тэр бүх дэмжлэг надад маш их урам өгсөн.






-ЧӨЛӨӨТ БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСЭН ТҮҮХ
-Анх өөрийнхөө хүсэлтээр л бөхөөр хичээллэе гэж шийдсэн. Өдөр өнжүүлэхэд явж байхдаа нэг клубын танилцуулгын хуудсыг хараад гэртээ аваачиж, аав ээждээ “Би барилдмаар байна” гэж хэлсэн. Ингээд Арслан клубт агсан Ч.Пүрэвбаяр багшийн шавь болж байсан. Тэр үед гэр бүлийнхэн маань миний хүсэлтийг маш сайхан хүлээж авсан. Аав маань өөрөө дагуулаад очиж бүртгүүлж байсан нь одоо ч санаанд тод үлдсэн. Тухайн үед зүгээр л “Би барилдаж чадна” гэсэн итгэл төрсөн. Тэр мэдрэмжээ дагаад л эхэлсэн дээ.
–ЧУХАЛ ТЭМЦЭЭНИЙ ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ?
-Би бусад хүмүүс шиг нэг их дуугүй, нам гүм болоод байдаггүй. Угаасаа хөгжилтэй зантай болохоор тэмцээний өмнө ч инээлдэж, тоглож, багийнхантайгаа хөгжилдөж байгаад л дэвжээнд гардаг. Ингэхээр сэтгэл санаа илүү тайван байдаг юм шиг санагддаг.
Харин барилдааны үеэр хамгийн чухал нь булангаас багшийнхаа хэлж байгаа үгийг сайн сонсох. Өөр зүйлд анхаарал сарниулахгүй, зөвхөн багшийнхаа зааврыг дагаж чадвал ялалтад илүү ойртдог гэж боддог.
-НЭГ ӨДРИЙН БЭЛТГЭЛ ЯМАР БАЙДАГ ВЭ?
-Ер нь өдөр бүр тасралтгүй бэлтгэл хийдэг. Нэг удаагийн бэлтгэл хоёр, заримдаа гурван цаг үргэлжилдэг. Үүн дээр хүчний бэлтгэл, техник, хурд, тэсвэр гээд бүгд орно. Хүмүүс “өдөр бүр ингэж бэлтгэл хийх хэцүү байдаг уу” гэж их асуудаг. Миний хувьд өөрийн хүсэл мөрөөдлөөрөө энэ замыг сонгосон болохоор нэг их хэцүү санагддаггүй. Хэн нэгэн хүчлээд явуулдаггүй. Өөрийн зорилгын төлөө өөрөө л хөдөлмөрлөж байгаа. Чөлөөт бөх бол маш их хөдөлгөөн шаарддаг спорт. Барилдааны турш тасралтгүй хөдөлж, доош тонгойж, довтолгоо, хамгаалалтаа ээлжлэн хийдэг. Харин жүдо нь барьц авч, босоо байрлалаас илүү барилддагаараа ялгаатай.
Манай спортын нэр нь хүртэл “чөлөөт” гэж байгаа шиг тамирчинд илүү их хөдөлгөөн, хурд, уран арга мэх гаргах боломж олгодог нь хамгийн сонирхолтой санагддаг.
-ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН
-Бат-Очирын Болортуяа эгчийг хамгийн их үлгэрлэдэг. Мөн Отгонтуяа эгч, Тулга ах нартай багаасаа хамт бэлтгэл хийдэг байсан. Тэднийг хараад “Ирээдүйд энэ ах, эгч нар шиг сайн тамирчин болно” гэж үргэлж боддог байлаа. Болортуяа эгчийн хамгийн их биширдэг зүйл нь хөдөлмөрч, хичээнгүй зан. Амжилтын ард ямар их хөдөлмөр байдгийг тэднээс суралцсан.

–ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Үнэнийг хэлэхэд бараг бүх цаг хугацаагаа спортдоо зориулдаг. Өглөө хичээлдээ явна, өдөр нь бэлтгэлдээ орно. Орой гэртээ ирээд хоолоо идэж, амраад л маргаашийнхаа бэлтгэлд бэлддэг. Чөлөөт цаг маш бага болохоор спорт л миний амьдралын хамгийн том хэсэг болсон. Тэмцээн ихтэй үед хичээлээсээ нэлээд хоцрох үе гардаг ч боломжтой үедээ нөхөж сурахыг хичээдэг.
–ШАНТРАХ ҮЕ ГАРЧ БАЙВ УУ?
-Мэдээж байсан. Ялангуяа энэ жил Азийн аварга болон Дэлхийн аваргын өмнөхөн бэртэл авч, үнэхээр их шантарсан. “Больчих уу, чадахгүй юм байна” гэж хүртэл бодож байсан үе бий. Тэр үед гэр бүлийнхэн маань “Чи чадна, бууж өгч болохгүй” гэж маш их зориг өгсөн. Бас багштайгаа удаан ярилцаж, уйлж байсан үе ч бий. Харин багш маань “Миний охин чадна. Чи л чадна” гэж үргэлж урам өгсөн. Тэр дэмжлэг л намайг эргээд босгоод, өнөөдрийн энэ амжилтад хүргэлээ.
Хэрэв шантрах үе гарвал багштайгаа ярилцдаг. Манай багш зөвхөн техник заагаад зогсохгүй сэтгэлзүйн хувьд маш их дэмждэг. Алдаа гаргасан бол шууд хэлж засуулна. Харин сайн барилдсан үед “Миний охин сайн байна, чи чадна, тэсвэртэй байгаарай” гэж үргэлж урам өгдөг. Бас хамт бэлтгэл хийдэг найзууд маань “Чи чадна” гэж үргэлж урам өгдөг. Тэр бүх дэмжлэгийн ачаар арван жилийн турш энэ спортоо орхиогүй, тууштай хичээллэж ирсэн.
-ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ
-Надад сул өрсөлдөгч гэж байдаггүй. Миний хувьд дэвжээнд гарч байгаа хүн бүр хамгийн хүчтэй өрсөлдөгч байдаг. Тийм болохоор хэнийг ч дутуу үнэлэхгүй, “Би энэ хүнийг ялна” гэсэн зоригтойгоор барилддаг.

-ОЙРЫН ЗОРИЛГО
-Дараагийн том зорилго бол 2028, 2032 оны Олимпын наадам. Одоо насанд хүрэгчдийн ангилалд хүч сорих үе ойртож байна. Өөртөө итгэлтэй байгаа.
-ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Юуны өмнө тууштай байх хэрэгтэй. Амжилтад хүрэхийн тулд хөдөлмөрлөхөө хэзээ ч зогсоож болохгүй. Мөн багшаа хүндэлж, үргэлж ярилцаж, ойлголцож байх нь маш чухал. Миний бодлоор багшийнхаа үгийг сонсож, хүндэлж чаддаг хүн л хамгийн хол явдаг. Амжилтын ард зөвхөн авьяас биш, хөдөлмөр, сахилга бат, багшдаа итгэх итгэл байдаг.
-Б.АРИУНЗУЛЫГ ДЭМЖДЭГ ХҮМҮҮСТ ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ
-Юуны өмнө намайг бөхийн спортод хөтөлсөн агсан Ч.Пүрэвбаяр багшдаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн өнөөдрийн энэ амжилтад хүрэх хүртэл минь бэлтгэсэн Нямбаяр багш, Номуунцэцэг багш болон бүх дасгалжуулагчдадаа маш их баярлаж явдаг.
Хамгийн гол нь намайг үргэлж дэмжиж, бүх тэмцээний зардлыг дааж, хэзээ ч итгэлээ алдаагүй аав, ээждээ талархаж байна. Бас хамт бэлтгэл хийдэг найзууд, төрөл төрөгсөд, дэмжигчид, Дэлхийн аваргын бэлтгэлийн үеэр тусалсан Төв аймгийн Жаргалант сумын удирдлагууд болон бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.
Өнөөдрийн амжилт бол зөвхөн миний биш, намайг үргэлж дэмжиж, итгэж байсан бүх хүмүүсийн хамтын хөдөлмөрийн үр дүн гэж боддог.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД