А.Халиун АНУ-ын жүдогийн тэмцээнүүдэд хос алтан медаль хүртжээ

АНУ-д суралцаж төгссөн Монголын тамирчин А.Халиун дөрвөн жилийн завсарлагааны дараа жүдо бөхдөө эргэн ирж, тус улсын хоёр томоохон тэмцэний аварга болжээ. Тэрбээр 2026 оны гуравдугаар сард болсон “NCJA Collegiate National Championship” буюу АНУ-ын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бол долдугаар сард зохион байгуулагдсан “USA Judo Open National Championship” тэмцээнд дахин алтан медаль хүртжээ. Бэртэл гэмтлийн улмаас спортоос хэсэг хугацаанд холдож, дөрвөн жил гаруй жүдо бөхийн бэлтгэл хийгээгүй ч энэ онд эргэн дэвжээнд гарсан А.Халиун амжилтынхаа талаар ийнхүү ярьлаа.

Тэрбээр “Би 12 настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Энэ спортод ороход хамгийн их нөлөөлсөн хүн бол аав минь. Аав маань залуудаа чөлөөт болон үндэсний бөхөөр хичээллэдэг байсан учраас намайг спортод дуртай болоход их нөлөөлсөн. Мөн тамирчны замналаа эхлэхэд минь хамгийн их дэмжиж байсан хүн.

Монголд байхдаа жүдо, самбо, жиү жицүгээр хичээллэж, өсвөр болон залуучуудын улсын тэмцээнүүдэд оролцож, амжилт гаргаж байсан. Тэр үед ч аав маань үргэлж миний ард байдаг байлаа. Харин дараа нь өвдөгний хагалгаанд орж, спортоос хэсэг хугацаанд холдсон. Улмаар АНУ-д суралцахаар явснаар жүдогийн бэлтгэлээ бүрэн зогсоосон. Ингээд дөрвөн жил гаруй дэвжээнээс холдсон ч эргэн барилдах хүсэл надад үргэлж байсан.

Энэ хугацаанд 2024 оны аравдугаар сард аавыгаа алдсан нь миний хувьд хамгийн хүнд зүйл байсан. Намайг тэмцээнд орж, медаль авахад хамгийн их баярладаг хүн нь аав минь байлаа. Тиймээс аавыгаа өнгөрсний дараа спортдоо эргэн орох тухай илүү их боддог болсон.

2026 онд Санхүүгийн бүртгэл буюу Business Accounting мэргэжлээр сургуулиа төгсөөд АНУ-ын “Harai Dojo”-д бэлтгэлээ дахин эхлүүлсэн. Дөрвөн жил завсарласны дараа эргэн бэлтгэл хийх мэдээж амар байгаагүй. Гэхдээ бэлтгэлдээ ороод сар хүрэхгүй хугацааны дараа гуравдугаар сард болсон “NCJA Collegiate National Championship”-д орж, түрүүлсэн.

Энэ тэмцээнд түрүүлсэн нь надад цаашид үргэлжлүүлэн барилдах итгэл, урам өгсөн.

Дараа нь долоодугаар сард болсон “USA Judo Open National Championship”-д орж, дахин алтан медаль хүртсэн. Ингэснээр эргэн бэлтгэл хийж эхэлсэн жилдээ АНУ-ын хоёр томоохон тэмцээнээс алтан медаль авлаа. Мэдээж энэ амжилтын ард бэртэл гэмтэл, дөрвөн жилийн завсарлага, эргэн бэлтгэлдээ орох үеийн хүндрэл бий. Гэхдээ Монголд байхдаа олон жил хийсэн бэлтгэл, аавынхаа надад өгсөн дэмжлэг ч энэ бүхний нэг хэсэг гэж боддог.

Жүдогийн тамирчдын өмсгөлийн ард овог нэр нь бичигддэг. Тиймээс дэвжээнд гарах бүрд аавынхаа нэрийг өөртэйгөө хамт авч явж байгаа мэт санагддаг. Намайг “Алтанхуягийн Халиун” гэж дуудахад аавын минь нэр хамт дуудлагдаж байгаа учраас энэ нь миний хувьд онцгой утгатай.

Цаашдаа жүдогоороо илүү өндөр амжилт гаргаж, олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөхийн төлөө үргэлжлүүлэн хичээнэ. Дэвжээнд гарах бүрд миний ард аавын минь нэр, зүрхэнд аавын минь итгэл байдаг” гэлээ.

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн