Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын хоёр дахь өдөр Шинжлэх ухаан, технологийн талуудын хэлэлцээгээр цөлжилт газрын доройтол гангийн талаарх шинжлэх ухааны судалгааны үр дүнг бодлого боловсруулагчдад хүргэж, нотолгоонд тулгуурлан бодит шийдвэрт хүргэхийг зорилоо.
Энэ үеэр газрын доройтол юунаас үүдэж буй болон хэрхэн сэргийлж хамгаалах талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ц.Рэнцэнхандаас тодруулсан юм.
Тэрбээр ярихдаа, “Газар, хөрсний доройтол нь улс орон бүрийн асуудал болсныг СОР17 харуулж байна. Хурлаар цөлжилт, газрын доройтлыг багасгахад хүн бүрийн оролцоог чухлыг онцолж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилтөд хүний нөлөө их бий. Иймд хүн бүр хэрэглээгээ багасгаж, зөв хэв маягтай амьдралыг уриалж байна. Амьтан ургамал, хөрс шороо байгаль орчноо унаган төрхөөр нь байлгаж, хамгаалж чадвал цөлжилтөөс сэргийлнэ. Дэлхий хэмээх сайхан экосистемийг хүн төрөлхтөн л доройтуулж, бүтцийг нь өөрчилсөн шүү дээ. Иймээс эргээд эко амьдрал руугаа шилжихийг л их ярьж байна даа.
Хөрс эрүүл бол хүнс аюулгүй байж, хүн эрүүл амьдрах юм. Хөрсний доройтлын хамгийн гол хүчин зүйл нь цаг уурын дулаарал. Хөрс хэт хуурайшин, чийгээ алдаж хатсанаас амьд организмын амьдрах нөхцөл багасаж, ургамлын ургалтад муугаар нөлөөлдөг. Бичил биетнүүд нь нүдэнд харагдахгүй ч хөрс, ургамлыг шим тэжээлээр хангахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг амьд организм. Мод тарихаас эхлээд бүх л газар тариаланд бичил биет хэрэгтэй. Хөрс доройтоход бичил биет ч багасна. Үүнийг зохистой хэмжээнд байлгаж, хөрсөө эрүүлжүүлэхийг хүн хийж чадна. Хот суурин газрын хөрс авто машины утаа, хог хаягдлаар бохирддог. Энэ бүхнийг зохистой байлгахын тулд хүн бүр хогоо төвлөрсөн цэгт хаяж, байгалиа, хүрээлэн буй орчноо унаган төрхөөр нь байлгахын тулд бохирдуулахгүй, хамгаалах эерэг хандлагатай байж, энэ соёлоо хүүхэд байхаас нь хэвшүүлэх хэрэгтэй.
Манай лаборатори хөрсний бохирдол багасгах бэлдмэл гаргаснаа танилцууллаа. Бичил биетийн гаралтай биобэлдмэл хөрсийг бордож, ургамлын өсөлтийг дэмжин, газар тариалангийн үржил шимийг сайжруулдаг биобордоо гаргасан. Мөн гэр хорооллын нүхэн жорлонгийн үнэр дарж, лагийг нь доош суулгах Био-Ариус гээд бэлдмэл ч бий. Хөрсөнд шингэхдээ хортой элемент, өвчин үүсгэгчийг хязгаарлаж, лагийг нь ялзмаг болгоно. Бороо үерийн улмаас нүхэн жорлонгийн ус хальж хөрсийг бохирдуулснаар халдвар өвчин үүсгэх нөхцөл бүрддэг. Үүний эсрэг бэлдмэл гэсэн үг л дээ. Бид Эрдэнэтийн цэвэрлэх байгууламжийн 40 жил боловсруулаагүй лагийн үнэрийг арилгасан туршлага дээрээ тулгуурласан гаргаж авсан” гэлээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монголын газар нутгийн 80 гаруй хувь нь газрын доройтол, цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртөж байна. Ус цаг уурын гаралтай аюултай, гамшигт үзэгдэл жилд дунджаар 67 удаа тохиолдож, давтамж, эрчим нь сүүлийн 10 жилд 3 дахин нэмэгджээ. Иймд цаг уурын ажиглалт, мониторингийг орчин үеийн технологид тулгуурлан хөгжүүлэх, нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоог сайжруулах, хөдөө аж ахуйн цаг уурын мэдээлэлд суурилсан шийдвэр дэмжих бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэх шаардлага тулгарч байгаа юм.