Курдын зэвсэгт дайчдад өршөөл үзүүлэх хуулийг Туркийн парламент баталжээ

АНКАРА, 2026 оны наймдугаар сарын 11 /kommersant.ru/. Курдын Ажилчны намын зэвсэгт дайчдад өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Туркийн парламентын 600 гишүүний 468 нь дэмжжээ.

“Тус байгууллага зэвсгээ хураалгаж, татан буугдаж байгаа нь энх тайван, ах дүүгийн харилцаа, эв нэгдлийг цогцлоох шинэ эрин үеийг нээнэ” гэж парламентын дарга Нуман Куртулмуш онцлон тэмдэглэлээ.   

12 зүйл бүхий уг хуульд Курдын Ажилчны намын гишүүд, тэдний дотор Иракийн хойд нутагт байрласан зэвсэгт дайчдын зэвсгийг хураах, тэднийг нийгэмшүүлэх талаар тусгажээ. Тухайлбал, зарим гэмт хэрэгт ногдуулсан хорих ялыг эдлүүлж буй хугацааг зогсоох зэрэг заалт орсон байна. Хэрвээ өршөөлд хамрагдсан хүмүүс дахин гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй тохиолдолд тэдний хэргийг хаана. Гэхдээ 2005 оноос өмнө санаатайгаар хүнийг амийг хөнөөсөн, бүх насаараа хоригдох ял сонссон хүмүүс, тэдний дотор КАН-ы удирдагч асан Абдулла Ожалан нарт өршөөл үзүүлэхгүй ажээ.  

Энэхүү хуулийг баталсан нь 40 гаруй жилийн турш үргэлжилж, 40 мянга гаруй хүний аминд хүрсэн зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгоход томоохон алхам боллоо. Financial Times сонинд бичсэнээр, мөргөлдөөнийг зохицуулсан нь Сири, Иракт илүү чөлөөтэй ажиллах боломжийг Туркт олгохоос гадна Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган 2028 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд курдын тал баримтлагч DEM намын дэмжлэгийг авах боломж бүрдэнэ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн