Барселонагийн баруун хойд дүүрэг дэх байрлах дарсны үйлдвэрийн ажилчид духандаа зүүсэн чийдэнгээрээ үзмийн талбайгаа гэрэлтүүлэн, мөчир тайрагч хайч бариад үүр цайхаас өмнө усан үзмээ түүж эхэллээ. Каталоний өөртөө засах мужид энэ жил хэт халуун зун болсны улмаас усан үзмээ түүхэнд үзэгдээгүй эрт цагаар хурааж байна.
Анойа бүс нутгийн Грамона дарсны үйлдвэрт ажилчид голдуу наймдугаар сард тогтсон уламжлалт өдрөөс хэдэн долоо хоногийн өмнө ургацаа хурааж эхэлжээ.
Европт аагим халуун өдрүүд үргэлжилж, агаарын хэм жилийн дунджаас өндөр байгаагийн улмаас компаниуд, байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохыг хичээж байна.
Хэт халж байгаа нь олон хүнийг стресст оруулж, зарим нь эрүүл мэндийн асуудалтай болж байгаа тухай Грамона дарсны үйлдвэрийн техникийн захирал Рок Грамона ярилаа.
“Цельсийн +35-аас +45 хэм (Фаренгейтийн +95-аас +113) нь ажилчдын хувьд хэтэрхий халуун байсан учир бид шийдвэр гаргах шаардлагатай болсон. Бас аагим халуунд ургамал хүртэл дарамтыг мэдэрч, усан үзэм илүү түргэн боловсорсон. Бид цаашид өдрийн цагаар усан үзэм хураахгүй, шөнийн цагаар хураана гэж бодож байна” гэж Грамона хэлэв.
Барселона хотод долоодугаар сарын дундаж агаарын хэм 1961-1990 оны үеийн дундаж үзүүлэлтээс 5.8 хэмээр өндөр байсан тухай Ройтерсийн Цаг уурын үнэлгээний алба мэдээлжээ.


