Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Сэлэнгэ, Дархан, Булган аймаг өвлийн бэлтгэлээ хэрхэн базааж байгаатай танилцах үеэрээ орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрх зүйн орчныг шинэчлэхээ тодотголоо.
Засгийн газраас “Чөлөөлье” бодлого дэвшүүлж, төрийн оролцоог багасгаж, аж ахуйн нэгжээ дэмжих зарчим баримталж байгаа. Сэлэнгэ аймаг нөөц боломждоо тулгуурлан, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 70 МВт-ын ДЦС-ыг ашиглалтад оруулж, бүс нутгийнхаа эрчим хүчний дэд бүтцийг шийдэж байгаа нь бусад аймагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүч, дулаанаа шийдэж болох жишиг болсныг тэрбээр онцоллоо.
Сэлэнгэ аймгийн сумдын халаалтын төвүүдийг засаж шинэчлэн, хувийн хэвшлийн менежментэд шилжүүлснээр төрийн ачаалал багасаж, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлжээ. Түүнчлэн аймгийн ургац хураахад 10-12 мянган тн шатах тослох материалын нөөц бүрдүүлэх, Сүхбаатарын суманд үерийн далан барих 26 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэх, Хүдэр суманд Эрэн хайх, аврах салбарыг Гал түймэр унтраах, аврах анги болгон өргөжүүлэх, Бугант, Түнхэл тосгонд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах ажлыг эхлүүлснийг Засгийн газрын ХМОНХГ мэдээлжээ.
Дархан-Уул аймаг эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 66,71 хувьтай байв. Эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай аваарын нөөц бүрдүүлэлт 94, авто машин, техник хэрэгслийн бэлэн байдал 97 хувьтай байна. Цаашид “Дархан” дэд станцын хүчин чадлыг нэмэх шаардлагатай. Ингэснээр Дархан, Сэлэнгийн бүсэд төмөр, хүдэр, газрын тос, шохойн уурхай, газар тариалангийн цахилгаан хангамжийг хангах боломж бүрдүүлэх юм. Аймгийн удирдлага ургац хураахад хүн хүчний дэмжлэг үзүүлэх, шатахуунаар хангах, хаврын хүнсний хангамжийг тогтвортой байлгах мах бэлтгэх, нөөц бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, Дархан сумын үерийн хамгаалалтын далан сувгийн засвар, дулааны төв магистраль шугамыг хамгаалах, Нэгдсэн эмнэлэгт ангиографийн тоног төхөөрөмж худалдан авах шаардлагатайг танилцууллаа.

Булган аймгийн хувьд өвлөөс өмнө “Булган Мээж” ОНӨХХК, “Энержи плас” ХХК-ийн хооронд үүссэн 9.7 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 6 тэрбумыг нь шийдэх, аймгийн 90 жилийн ойтой холбогдуулан 2027 оны улсын төсөвт Булган сумын авто замыг өргөтгөж шинэчлэхэд 21.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгахыг хүсэв.
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр дээрх саналыг хүлээн авч, “Булган Мээж” ОНӨХХК “Энержи Плас” ХХК-ийн хооронд үүссэн 9.7 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 6 тэрбумыг нь Аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу шийдэхээр боллоо. Мөн 21 аймагт ажиллаж, олон жил ужгирсан асуудлыг нэг мөр цэгцлэх, дахин давтагдахгүй байхад Засгийн газар анхаарч буйг тодотгов. Тэрбээр, орон нутаг хөгжихөд чөдөр тушаа болж буй хууль, эрх зүйн орчныг шинэчилж, санхүүгийн эрх мэдлийг шат дараатай нэмэхэд анхаарахаа илэрхийллээ. Ингэснээр аймаг, орон нутаг шаардлагатай хөрөнгө оруулалтаа заавал Засгийн газар, УИХ-аар шийдүүлэхгүйгээр ИТХ-ын хяналтан дор ажиллах боломж бүрдэх ажээ.