Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 10 //. Боловсролын чанарыг сайжруулах, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих зорилготой “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ”-г Боловсролын сайдын 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/27 дугаар тушаалын дагуу 5 дугаар сарын 4-19-нд улс даяар зохион байгуулжээ.
Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээнд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 711 сургууль, 30,097 багш, сургуулийн өмнөх боловсролын 1,016 байгууллагын 7,434 багш хамрагдсан байна. Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үнэлгээнд 49,762 хүүхэд, 992 эрхлэгч, 914 арга зүйч, 120 боловсролын газрын ажилтан хамрагджээ. Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд нийт 756,128 суралцагч хамрагдсан байна.
Энэхүү гүйцэтгэлийн үнэлгээ нь цэцэрлэг, сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, багш нарын мэргэжлийн ур чадвар, ажлын үр дүнг бодитоор үнэлэх, гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоог бэхжүүлэхэд чиглэжээ.
Боловсролын үнэлгээний төв гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэг, сургуулийг сум, баг, аймгийн төв, нийслэл гэсэн гурван байршлаар буюу “кластер”-аар индексийн таван түвшинд эрэмбэлж, үр дүнг unelgee.eec.mn системд байршуулах аж. Мөн Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн холбогдох урамшууллыг олгох ажлыг зохион байгуулна.
Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Ганбат, “Байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээг 2022 оноос эхлэн авч эхэлсэн. Жил ирэх тусам үнэлгээний зохион байгуулалт, агуулга, арга зүйг технологи, цахим шийдэлд суурилан боловсронгуй болгож ирсэн”-ийг онцоллоо.
Мөн тэрбээр, “Энэ жилийн хувьд өмнөх дөрвөн жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, зохион байгуулалт, багш, боловсролын салбарын оролцогчдоос гаргасан санал, санаачилгыг үндэслэн агуулга, арга зүйн хувьд томоохон өөрчлөлтүүдийг оруулсан” гэв.
Түүнчлэн багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг илүү бодитой, үр дүнтэй хэрхэн үнэлэх талаар багш нарын дунд цахим орчинд нээлттэй санал асуулга зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ багш нартай хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж, тэдний гаргасан санал, санаачилгыг үнэлгээний агуулга, арга зүйд тусгасан байна. Өмнөх гүйцэтгэлийн үнэлгээгээр нэг багш, байгууллагыг үнэлэхдээ олон төрлийн субьект оролцож, тухайн үеийн үйл ажиллагаа, үр дүн, чанарт түлхүү тулгуурладаг байсан бол энэ жилийн үнэлгээний онцлог нь нэг удаагийн үйлдэл, тухайн үеийн үр дүнд тулгуурлаагүй аж.
Тодруулбал, сургууль, цэцэрлэг, багшийн тухайн хичээлийн жилийн 9 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажлын үр дүн болон түүнийг нотлох баримтад үндэслэн үнэлгээний баг баталгаажуулалт хийж, үр дүнг тооцжээ. Өмнө нь Боловсролын үнэлгээний төв байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээг тусад нь зохион байгуулж, дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтийн хүрээнд үнэлдэг байсан аж. Харин энэ жилийн хувьд сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг Боловсролын үнэлгээний төвөөс хөндлөнгийн комиссын зохион байгуулалт, хяналтын дор явуулсан бол багшийн гүйцэтгэл, үр дүнг тухайн сургуулийн захирлын тушаалаар томилсон үнэлгээний баг үнэлжээ.
Тус үнэлгээний багт олон нийтийн, эцэг эхийн, сурагчдын болон багш, хамт олны төлөөллийг оролцуулсан нь энэ жилийн үнэлгээний нэг шинэ онцлог болсон байна.