Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 6 //. Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд өнөөдөр боллоо.
Тус хуралд ИБУИНХУ, АНУ, БНФУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ, Япон зэрэг найман орны эрдэмтэн судлаачид оролцож байна. Энэ хурал нь орчин үеийн утга зохиол, хэл шинжлэлийн шинэ урсгал чиглэл, салбар дундын судалгааг хамарснаараа онцлог ба нийт илтгэлийн 36.4 хувь нь гадаадын монголч эрдэмтнийх байгаа нь “Д.Нацагдорж судлал” олон улсын монгол судлалын анхаарлын төвд байгааг илэрхийлж байна.
Д.Нацагдоржийн намтар, архив, эх бичиг, хэл найруулга, орчуулга, яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжиг, соёлын өв, дурсамж судлал, харьцуулсан утга зохиол, дижитал хүмүүнлэгийн ухаан зэрэг олон чиглэлийг хамарч байна. Тиймээс эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд нь зохиолчийн өвийг шинэ эх хэрэглэгдэхүүнээр баяжуулж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дахин үнэлж, “Д.Нацагдоржийг орчин цагийн монгол утга зохиолын хэл бүрэлдэн тогтоход голлох нөлөө үзүүлсэн зохиолч” гэх зэргээр судалгааны олон шинэ санаа, асуудал дэвшүүлж, салбар дундын судалгаа хөгжиж байгааг зохион байгуулагчид нь онцолж байлаа.
Энэ үеэр ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал О.Шинэбаяр ярихдаа, “2026 он бол Монголын их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буй онцгой жил. Монголчуудын бэлгэдлээр энэ нь хоёр жарны ой бөгөөд их зохиолчийн өв, бүтээлийг эргэн дурсаж, шинээр судлан сурталчлах чухал үйл явдал болж байгаа”-г тодотгов.
Мөн тэрбээр “Өмнөх жилүүдэд Д.Нацагдорж судлалын хүрээнд түүний уран зохиол, түүх, хэл шинжлэл зэрэг олон чиглэлээр өргөн хүрээтэй судалж, орчин цагийн Монголын утга зохиолыг үндэслэгчийнх нь хувьд гүнзгий авч үзсэн байдаг. Харин өдгөө дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдын хэвлүүлсэн ном, өгүүлэл, илтгэлүүдийг харахад Д.Нацагдоржийн үйл ажиллагаа зөвхөн уран зохиолоор хязгаарлагдахгүй, Монголын нийгэм, соёлын олон салбарт гүн ул мөр үлдээжээ. Тэрбээр уран зохиолоос гадна хэл шинжлэл, нэр томьёо судлал, сэтгүүл зүй, улс төр, нийгмийн үйл ажиллагаа, цэрэг, боловсрол зэрэг олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан түүчээлэгч байв.
Түүний хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, гар бичмэлүүд, ном судар, гарын үсэг бүхий эх хэрэглэгдэхүүн бүхнийг өнөөдөр соёл, шинжлэх ухааны үнэт өвд тооцож байна. Д.Нацагдорж шинэ соёлыг монголчуудын дунд түгээн дэлгэрүүлсэн, шинэ мэдлэгийн зуучлагч байсан гэж хэлж болно.
Бидний өдөр тутам хэрэглэдэг “нян”, “бактери”, “гимнастик”, “радио” зэрэг олон нэр томьёог монгол хэлэнд нутагшуулахад түүний оруулсан хувь нэмэр их байв. Эдгээр үгийн цаана тухайн үеийн шинжлэх ухаан, соёлын шинэ ойлголт, ухагдахууныг монголчуудын хэрэглээнд нэвтрүүлсэн түүх оршиж байгаа”-г дурдсан юм.
Утга зохиол судлаач, доктор Ц.Магсар, “Д.Нацагдорж зөвхөн орчуулга хийсэн төдий бус, өрнө дахины шинэ сэтгэлгээ, шинэ хэлбэр, шинэ уран сайхны уламжлалыг монголын уран зохиолд бүтээлчээр нутагшуулсан. Энэ нь түүний орчуулгын уран бүтээлийн хамгийн чухал үнэ цэн гэж үзэж болно” хэмээн тодотгов.
Мөн тэрбээр “Д.Нацагдоржийн орчуулгын уран бүтээл маш сонирхолтой. Учир нь түүнээс өмнөх үеийн орчуулгын бүтээлүүд гол төлөв дорнын утга зохиолоос, тэр дундаа шашны агуулгатай эх сурвалжуудыг орчуулж байсан. Харин Д.Нацагдоржийн орчуулгын гол чиглэл нь энэ уламжлалыг тодорхой хэмжээгээр үргэлжлүүлсэн хэдий ч Жамсраны Цэвээний эхлүүлсэн өрнө дахины утга зохиолыг Монголын уншигчдад хүргэх чиглэлийг улам эрчимжүүлж, шинэ шатанд гаргасан гэж хэлж болно.
Түүний орчуулахаар сонгосон бүтээлүүд ч мөн онцгой сонирхолтой, шинэлэг байсан. Жишээлбэл, Эдгар Аллан Погийн “Алтан цох” зэрэг зохиолыг тухайн үед монгол хэлнээ орчуулна гэдэг бараг төсөөлөхийн аргагүй зүйл байлаа. Гэтэл Д.Нацагдорж уг бүтээлийг маш чадварлаг, уран сайхан хэлээр орчуулсан.
Мөн герман хэлнээс болон А.С.Пушкины олон шүлгийг монголчилсон нь онцгой анхаарал татдаг. Миний ажигласнаар, Д.Нацагдорж өөрийн туулсан амьдралын хүнд хэцүү замнал, үзэл бодлыг эхлээд өөрийн уран бүтээлдээ илэрхийлж, улмаар түүнтэй ойролцоо үзэл санаатай А.С.Пушкины бүтээлүүдийг сонгон орчуулсан байж болох юм хэмээн таамаглах боломжтой. Тиймээс 1932 оны шүлгүүд нь түүний дараа хийсэн А.С.Пушкины орчуулгуудын үзэл санааны нэгэн угтал, эсвэл өөрийн уран бүтээлийн логик үргэлжлэл болсон гэж үзэх үндэслэл бий” гэв.
Соёл судлалын доктор Ц.Наранчимэг, “Хүн бүрийн амжилтын ард түшиг тулгуур болсон хань, гэр бүл байдаг гэдэг. Тиймээс энэ удаагийн хурлаар их зохиолч Д.Нацагдоржийн анхны гэргий Д.Пагмадуламын амьдрал, үйл ажиллагаа, түүхэн гавьяаны талаар илтгэл хэлэлцүүлэхээр бэлтгэсэн. Д.Пагмадулам нь зөвхөн Д.Нацагдоржийн анхны гэргий байгаад зогсохгүй, Монголын нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний анхдагчдын нэг. Тэрбээр Монголын Эмэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг. Тус байгууллагын анхны даргаар ажиллаж байв. Үүгээр зогсохгүй тухайн цаг үед шинээр байгуулж байсан олон байгууллагын эхлэлийг тавилцсан хүмүүсийн нэг байсан. Тухайлбал, анхны бага сургууль, Жанжин клуб зэрэг байгууллагын үйл ажиллагаанд манлайлан оролцож, тухайн үеийн нийгмийн соён гэгээрлийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан эмэгтэй байлаа. Харамсалтай нь өнөөгийн байдлаар Д.Пагмадуламтай холбоотой эд өлгийн болон гар бичмэлийн өв бараг хадгалагдан үлдээгүй байна. Тиймээс түүний тухай өгүүлэхдээ архивын болон хэвлэлийн баримтад тулгуурлан судалсан. Түүний тухай одоогоор 146 хэвлэлийн материал илрүүлээд байна. Эдгээрт сонин, сэтгүүлийн өгүүлэл, нэрт зохиолчдын дурдатгал, телевизийн нэвтрүүлэг, баримтат кино зэрэг олон төрлийн эх сурвалж багтаж байна.
Өнөөдөр түүний тухай дахин хөндөн ярьж буй нь ч учиртай. Учир нь Д.Пагмадулам тухайн цаг үедээ нийгмийн идэвхтэй, манлайлагч эмэгтэй байсан ч улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон юм.
Түүнийг хэд хэдэн шалтгаанаар хэлмэгдүүлжээ. Нэгдүгээрт, их зохиолч Д.Нацагдоржийн гэргий байсан. Хоёрдугаарт, язгууртан гаралтай, ноёны хатан байсан. Гуравдугаарт, тухайн үеийн нийгэмд нэр нөлөө бүхий, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан эмэгтэй байсны улмаас улс төрийн хилс хэрэгт өртсөн байна. Түүнийг 2019 онд, бараг зуун жилийн дараа, шүүхийн шийдвэрээр цагаатгасан. Мөн Д.Пагмадуламын төрсөн он хүртэл тодорхойгүй байсан ба судалгаагаар 1924 оны хүн амын улсын тооллогын баримтыг үндэслэн 1906 онд төрсөн гэсэн дүгнэлтэд хүрсэн. Эдгээр баримт яагаад чухал вэ гэвэл мартаж буй түүхэн хүмүүсийн намтар, үйл ажиллагааг сэргээн судалж, олон нийтэд хүргэх нь түүхэн үнэнийг хадгалан үлдээхэд чухал ач холбогдолтой. Энэхүү судалгаанд ашигласан баримт, материалыг түшиглэн 10 дугаар сард Д.Пагмадуламын амьдрал, үйл ажиллагаанд зориулсан тусгай үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна” хэмээв.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ССАЖЗЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, “Чингис хаан” үндэсний музей болон МЗЭ, Төв аймгийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.
