НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Итгэмжлэх захидлаа гардуулав

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Суурин төлөөлөгч Лионель Лоуренс өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Итгэмжлэх захидлаа гардуулав. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Суурин төлөөлөгч Лионель Лоуренс-ийг хүлээн авч уулзах үеэр Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжлийн чиглэлээр баримталж буй бодлогын талаар танилцуулж, Монгол Улс, НҮБХХ-ийн харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвийн асуудлаар санал солилцлоо.  

Сайд Б.Батцэцэг тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих, ардчилсан засаглал болон төрийн захиргааг бэхжүүлэх, цахим шилжилтийг хурдасгах, жендэрийн эрх тэгш байдлыг ахиулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа болон биологийн олон янз байдлыг хамгаалах, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн сорилтыг даван туулах чадавхыг бэхжүүлэхэд тус хөтөлбөрөөс үзүүлж ирсэн дэмжлэгийг өндрөөр үнэлж, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажлыг анхлан дэмжсэн хөгжлийн түншүүдийн нэг тус хөтөлбөрт талархал илэрхийлэв.  

Суурин төлөөлөгч Лионель Лоуренс нь Бүгд Найрамдах Франц Улсын иргэн бөгөөд Гвиней, Замби, Сомали зэрэг улсад НҮБХХ-ийн Суурин төлөөлөгчөөр 10 гаруй жил ажилласнаас гадна Сьерра Леон, Афганистан, Либери, Камбож, Лаос, Хаити, Ирак, Бангладеш улсад НҮБХХ, Дэлхийн банк, Олон улсын Хөдөлмөрийн байгууллага болон олон улсын иргэний нийгмийн байгууллагад 20 гаруй жил хөгжлийн хөтөлбөрийн асуудал хариуцан ажилласан туршлагатай аж. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн