Украин улс НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэжээ

Украины армийн командлагч асан, одоо Их Британид суугаа элчин сайд В.Залужный хэлэхдээ, манай улс НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэж мэдэгджээ.

Европейска Правда сонинд бичсэнээр, Вячеслав Залужный Украины элчин сайд нарын уулзалтад оролцох үеэрээ “эвсэлд элсэхэд шаардлагатай цэргийн стандартыг хангах ямар ч боломжгүй” гэж мэдэгдсэн байна.

“Би НАТО-г маш сайн мэднэ. Ойролцоогоор 12 жилийн турш миний бие НАТО-гийн стандартыг хангах бүх боломжийг эрэлхийлэн ажилласан, гэтэл НАТО-д хэзээ мөдгүй элсэх гэж байгаа тухай үлгэрийг сонссоор ирсэн, харамсалтай нь, яг үнэндээ бол бид тус эвсэлд хэзээ ч элсэхгүй.”” гэж тэрбээр хэлжээ.

Залужний цааш нь хэлэхдээ “Украины Зэвсэгт хүчний одоогийн хөгжлийн түвшнээрээ… дэлхийн II дайны номлолд суурилсан байгууллагад элсэх боломжгүй” гэлээ.

“Украин улс НАТО-гийн гишүүн орнуудад аль хэдийн ашиглагдаж буй пуужингийн эсрэг хамгаалалт, хиймэл дагуул зэрэг технологитой болох хэрэгтэй” гэж хэлснийг Европейска Правда эш татсан байна.

Украин улс Үндсэн хуульдаа НАТО болон Европын Холбоонд гишүүнээр элсэх явдлыг стратегийн зорилго болгон тунхагласан ажээ. Гэсэн хэдий ч эвслийн бүх гишүүн орон тус улсыг НАТО-д элсүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн