Д.Трампын ярьсныг Ираны тал няцаажээ

ТЕХРАН, 2026 оны наймдугаар сарын 4 /DW/. Хэлэлцээний шинэ үе шат эхлэх гэж байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хэлсэн үгийг Ираны ГХЯ-ны төлөөлөгч Исмаил Багаи өчигдөр няцаалаа.

Түүний хэлснээр, одоогоор АНУ-тай ямар нэгэн хэлэлцээ хийгээгүй байгаа бөгөөд ойрын өдрүүдэд Вашингтоны төлөөлөгчдийг хүлээн авах, тийш нь Ираны төлөөлөгчдийг илгээхээр төлөвлөөгүй ажээ.

Ираны талаас хэлэлцээнд оролцож байсан бүх хүн бүгд эх орондоо ирээд байгаа бөгөөд зөвхөн Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Иракт болж буй мөргөлд оролцож байна. Тэрбээр энэ долоо хоногийн эцэс хүртэл хэлэлцээнд оролцох боломжгүй ажээ.  

И.Багаи хэлэхдээ, Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцуудын талаар Оман улстай хэлэлцээ хийж буйг онцоллоо. Гэхдээ энэ хэлэлцээ нь Ормузын бүслэлтийг цуцлах асуудлаарх хэлэлцээнд хамаагүй, тусдаа асуудал ажээ. “Омантай хэлэлцээр байгууллаа гэхэд энэ нь тэнгисийн замыг бүрэн нээхэд хангалттай нөхцөл болж чадахгүй, АНУ-ын зүгээс түрэмгийлэл үргэлжилсээр буй үед нөхцөл байдал өөрчлөгдөхгүй” гэж ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн байна.  

Ням гарагт Д.Трамп хэлэхдээ, мөргөлдөөнийг дипломат арга замаар зохицуулах үүднээс бид Иранд цохилт өгөхийг зогсоохоор шийдвэрлэлээ гэж мэдэгдсэн бөгөөд хэлэлцээний шинэ үе шат даваа гарагт эхэлнэ гэсэн билээ.

Тэрбээр Ойрх Дорнодын улсуудын удирдагчдын хүсэлтээр Иранд өгөх цохилтуудаа хэдэнтээ хойшлуулсан юм. Энэ оны 6 дугаар сард хоёр тал “харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, байлдааны ажиллагааг 60 хоногоор зогсоож, хэлэлцээ хийж эхэлсэн билээ. Гэвч удалгүй Америкийн тал “гал зогсоох тохиролцоог зөрчсөн” хэмээн Ираныг буруутгаад дахин цохилт өгч эхэлсэн юм. Хамгийн сүүлд 7 дугаар сарын 30-нд Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын хэдэн арван объектууд руу довтолжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн