АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 300 гаруй цагаачийг эх оронд нь бус гуравдагч улс руу албадан гаргасан бөгөөд энэ үйл ажиллагаанд дор хаяж 40 сая ам.доллар зарцуулжээ. Энэхүү ажиллагаа нь цагаачдыг АНУ-аас хурдан гаргах Трампын зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийгджээ. Сенатын Гадаад харилцааны хорооны Ардчилсан намын гишүүдийн бэлтгэсэн тайланд Трампын дээрх бодлогыг “өндөр зардалтай, үр ашиггүй, хяналт муутай” гэж шүүмжилсэн байна. Тус хорооны Ардчилсан намын гишүүдийг сенатор Жанна Шахин ахалжээ. Тэд ил тод бус хэрэгжиж буй энэ бодлогыг нухацтай шалгах шаардлагатай гэж үзсэн байна. Харин гуравдагч улс руу албадан гаргах хэлэлцээг зохицуулдаг АНУ-ын Төрийн департамент уг бодлогыг хамгаалж, энэ нь хууль бус цагаачлалыг зогсоох Трампын кампанит ажлын нэг хэсэг гэж мэдэгдсэн байна.
Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио цагаачдыг гуравдагч улс руу гаргаж байгаа ажиллагааны талаар Сенатын сонсголын үеэр “Бид гэмт бүлэглэлийн гишүүдийг баривчилж, албадан гаргасан. Бид гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийг эх орондоо байлгахын хүсэхгүй байна” гэж мэдэгджээ.
Ардчилсан намын гишүүдийн бэлтгэсэн тайлан нь Конгрессын цагаачдыг албадан гаргах олон улсын хэлэлцээг хянаж үзсэн баримт бичиг юм. Уг тайланд дурдсанаар АНУ цагаачдыг хүлээн авах таван улсад 4.7 саяас 7.5 сая ам.долларын нэг удаагийн төлбөр олгожээ. Эдгээр улсууд нь Экваторын Гвиней, Руанда, Эль Сальвадор, Эсватини болон Палау юм. Эль Сальвадор л гэхэд өнгөрсөн оны гуравдугаар сард ойролцоогоор 250 венесуэл иргэнийг хүлээн авсан байна. Харин бусад улсууд маш цөөн тооны хүнийг хүлээн авчээ. Жишээлбэл, Экваторын Гвиней руу 29 хүн илгээсэн бол Палау руу одоогоор нэг ч хүн илгээгээгүй байна. Эдгээр улс нь Трампын засаг захиргааны гуравдагч улс руу албадан гаргах өргөн хүрээтэй бодлогын зөвхөн нэг хэсэг юм. “The Associated Press”-ийн хянан үзсэн засгийн газрын дотоод баримт бичгүүдэд дурдсанаар гуравдагч улстай байгуулсан 47 хэлэлцээ батлагдах янз бүрийн шатандаа явж байна. Үүнээс 15 нь эцэслэн байгуулагдсан бол 10 нь бараг дуусах шатандаа оржээ.
АНУ-ын засаг захиргаа мөн орогнол хүсэгчдийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаатай зэрэгцэн тэднийг хүлээн авах бусад улстай хэлэлцээ байгуулахаар ажиллаж байгаа аж.
Дотоод баримт бичигт дурдсанаар, ийм төрлийн 17 хэлэлцээ явагдаж байгаа бөгөөд ес нь албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Гэхдээ АНУ-ын засаг захиргаа хэлэлцээ бүрэн эцэслэгдээгүй байсан ч цагаачдыг хэлэлцээнд нэгдсэн орнууд руу илгээх болно гэж мэдэгдсэн байна. Цагаачлалын чиглэлээр ажилладаг хүний эрхийн байгууллагууд “гуравдагч улс” бодлогыг аюултай, хариуцлагагүй арга хэмжээ гэж шүүмжилж байна. Тэдний үзэж буйгаар энэ нь хууль ёсны эрхийг зөрчиж, албадан гаргагдсан хүмүүсийг хүний эрхийн зөрчил, авлигын урт түүхтэй орнуудад гацах эрсдэлтэй болгож байна.
Өмнөд Суданд хийсэн айлчлалын үеэр Ардчилсан намын хорооны ажилтнууд зэвсэглэсэн харуул хамгаалалттай, хашаагаар хүрээлэгдсэн байшинд албадан гаргагдсан хүмүүсийг байрлуулж байсныг илрүүлжээ.
Тэдний дунд Вьетнам болон Мексикээс ирсэн цагаачид байсан байна. Мөн Ардчилсан намынхан энэ бодлого нь үр ашиггүй, их хэмжээний зардалтай байж болзошгүйг онцолжээ. Зарим тохиолдолд цагаачдыг гуравдагч улс руу илгээсний дараа АНУ дахин зардал гарган тэднийг эх оронд нь буцаан нисгэх шаардлагатай болсон жишээ тайланд дурдагдсан байна. “Маш олон тохиолдолд цагаачдыг эх орон руу нь шууд буцаах боломжтой байсан. Ингэснээр шаардлагагүй нислэг болон нэмэлт зардлаас зайлсхийх боломжтой байсан” гэж Ардчилсан намын сенатор Крис Кунс, Тамми Дакворт, Тим Кайн, Жек Розен, Крис Ван Холлен нар мэдэгдсэн байна.
Албадан гаргагдсан цагаачдын очсон гуравдагч улс орнууд ямар ашиг хүртэж байгаа, эсвэл ямар ашиг хүлээж байгаа нь одоогоор бүрэн тодорхойгүй хэвээр байна. Өнгөрсөн жил хэлэлцээр байгуулсны дараа Өмнөд Судан АНУ-д хүсэлтийн жагсаалт илгээжээ. Үүнд сөрөг хүчний нэг удирдагчийг шүүхэд шилжүүлэхэд Америкийг дэмжлэг үзүүлэх, мөн улсын төсвийн нэг тэрбум гаруй ам.долларыг завшсан гэж буруутгагдсан өндөр албан тушаалтанд тавьсан хоригийг цуцлуулах хүсэлт багтсан байна. Эдгээр мэдээлэл нь нэгдүгээр сард Төрийн департментаас олон нийтэд ил болгосон дипломат харилцааны баримт бичгүүдэд дурдагджээ.
Мөн сенатор Жанна Шахин Экваторын Гвиней руу илгээсэн 7.5 сая ам.долларын төлбөрийг асууж, шүүмжилсэн байна. Энэ төлбөр нь Трампын засаг захиргаа тус улсын дэд ерөнхийлөгч Теодоро Нгуема Обианг Мангуэтай харилцаагаа ойртуулах үеэр хийгдсэн аж. Тэрбээр тансаг хэрэглээгээрээ дэлхийд нэрд гарсан бөгөөд авлигын хэргээр хэд хэдэн улсын прокурорын анхаарлыг татаж байсан юм.