“Чингис хаан” үндэсний музейн төлөөлөгчид БНСУ-д ажиллаж, соёлын өвийн чиглэлээр хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцжээ. Уулзалтын үеэр хоёр улсын тал усан доорх археологийн судалгаа, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Энэхүү хүрээнд БНСУ-ын мэргэжилтнүүд ирэх есдүгээр сард Монгол Улсад ирж, “Чингис хаан” үндэсний музейн багтай хамтран усан доорх археологийн судалгааны бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөж буй талбайд тандалт, судалгаа хийхээр болжээ.
Мөн талууд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцсон бөгөөд ирэх оны арваннэгдүгээр сард БНСУ-ын Үндэсний ордон музейд “Чингис хаан” тусгай үзэсгэлэнг дэлгэхээр төлөвлөж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын түүх, соёлын өвийг олон улсын түвшинд сурталчлах, археологийн судалгааны шинэ чиглэлүүдийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.