Шэнь Миньжуань Азийн газрын дарга болжээ

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд өчигдөр (2026.07.30) нийтлэгдсэнээр, тус улсаас Монгол Улсад суух Элчин сайд асан Шэнь Миньжуань Азийн газрын дарга болж тушаал дэвшжээ. Түүнээс өмнө өнгөрсөн арваннэгдүгээр сард Японы дипломатуудтай уулзах үеэрээ гараа халаасандаа хийн зогсож байсан зургаараа танигдсан Лю Жиньсон уг албан тушаалыг хашиж байв.

Гадаад хэргийн яамны мэдээнд Шэнь Миньжуанийг Зүүн өмнөд Ази болон Монголд дипломат харилцааны чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан гэж онцлон тэмдэглэсэн байна

Азийн газар нь Солонгосын хойг, Япон, Зүүн өмнөд Ази, Өмнөд Ази зэрэг хөрш орнуудтай дипломат харилцаа тогтоох үүрэгтэй гол хэлтэс юм. Хятад, Японы харилцаа муудаж байгаа энэ үед Японы эсрэг хатуу дипломат харилцааг бэлгэдсэн албан тушаалтныг сольсон нь анхаарал татаж байгаа аж. Лю Жиньсоны дараагийн албан тушаал хараахан зарлагдаагүй байна.

Шэнь Миньжуань Азийн газрын дарга болжээ

Лю Жиньсон 2021 оноос хойш Азийн газрын даргаар ажиллахдаа Хятад–Өмнөд Солонгосын харилцаа, Хятад–Японы харилцаа, Тайванийн асуудал болон Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хариуцаж байв. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Японы Гадаад хэргийн яамны Азийн болон Номхон далайн асуудал хариуцсан газрын ерөнхий захирал Масааки Канайтай хийсэн зөвлөлдөх уулзалтын үеэр тэрбээр гараа өмднийхөө халаасанд хийж, Канай руу дээрээс нь ширүүн харж буй зураг нийтлэгдэн шүүмжлэл дагуулсан юм.

Уг уулзалт нь Японы ерөнхий сайд Санаэ Такаичи Тайванийн асуудлаар мөргөлдөөн гарвал оролцож болзошгүй гэсэн утгатай мэдэгдэл хийсний дараа хоёр улсын харилцаа хурцадсан үед болсон юм. Лю Жиньсон болон Масааки Канай нарын уулзалтын дараа Японд Хятад улс дипломат харилцаанд давуу байдлаа харуулахыг оролдож байна гэсэн шүүмжлэл гарчээ. Зарим хэвлэл Лю Жиньсоныг “гараа халаасандаа хийдэг дипломатч” хэмээн нэрлэж, Японтой харьцах Хятадын хатуу байр суурийн бэлгэ тэмдэг гэж үнэлж байв.

Азийн газрын шинэ даргаар томилогдсон Шэнь Миньжуань өмнө нь Индонез дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч, Гадаад хэргийн яамны Азийн газрын дэд даргаар ажиллаж байжээ. 2023 оны аравдугаар сараас хойш БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажилласан юм. Лю Жиньсон Япон, Энэтхэгийн харилцаа болон Тайванийн асуудал зэрэг стратеги, аюулгүй байдлын чиглэлээр голлон ажиллаж байсан. Харин

Шэнь Миньжуань Зүүн өмнөд Ази болон Монголтой холбоотой дипломат ажиллагаанд туршлага хуримтлуулсан, хэлэлцээ төвтэй дипломатч хэмээн үнэлэгддэг.

Түүний хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын Засгийн газар энэ оны зургаадугаар сарын 21-нд Алтан гадас одонгоор шагнасан.

АНУ Хятадыг сөрөн Япон, Филиппин, Австралитай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж буй. Энэ үед Бээжин хөрш орнуудтайгаа харилцаагаа тогтвортой хадгалж, бүс нутгийн дипломат сууриа бэхжүүлэх шаардлагатай болсон. Улмаар Шэнь Миньжуанийг Азийн газрын даргаар томилсон нь хөрш орнуудтайгаа харилцаагаа тогтвортой, тэнцвэртэй удирдах Хятадын бодлогыг илэрхийлж буй алхам гэж ажиглагчид үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: CHOSUN DAILY

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн