Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 30 //. БНХАУ-ын Ардын Чөлөөлөх арми байгуулагдсаны 99 жилийн ойд зориулсан хүлээн авалт өчигдөр Монгол улс дах БНХАУ-ын элчин сайдын яамны байранд ёслол төгөлдөр болов.
Энэ удаагийн хүлээн авалтанд Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй цэрэг, батлан хамгаалахын салбарын төлөөлөл болон БНХАУ-аас Монгол улсад суух элчин сайдын түр хамаарагч Цао Ли, цэргийн атташе, ахлах хурандаа Жан Шюйлян тэргүүтэй төлөөллүүд оролцов.

Монгол, Хятад хоёр орны төрийн дуулал эгшиглэсний дарааБНХАУ-аас Монгол улсад суух элчин сайдын түр хамаарагч Цао Ли үг хэлэв.Тэрээр хэлэхдээ, “Уул усаар холбогдсон найрамдалт хөрш орны хувьд Хятад улс Монгол улстай хамтран стратеги харилцаагаа бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа, соёлын солилцоог гүнзгийрүүлж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Хятад, Монгол хоёр улсын ард түмэнд ашиг тусаа өгч, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” хэмээв.
БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайдын яамны цэргийн атташе, ахлах хурандаа Жан Шюйлян илэрхийлэхдээ, “Сүүлийн жилүүдэд хоёр улсын төрийн тэргүүн нарын стратеги чиглүүлэг дор, Хятад, Монголын батлан хамгаалах салбарын харилцаа тасралтгүй гүнзгийрэн, ажил хэрэгч болж байна. Энэ оны эхний хагаст, Хятад, Монголын “Талын түнш – 2026” хуурай замын цэргийн хамтарсан сургуулилтыг Хятадын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж, хоёр орны арми Монгол Улсын Өмнөговь аймгийн хил орчмын хамтарсан эргүүл шалгалтын ажиллагааг амжилттай хийж гүйцэтгэн, Монголын зэвсэгт хүчинд цэргийн 41 ширхэг тусламжийн тээврийн хэрэгслийг саадгүй хүлээлгэн өглөө. Энэхүү бодит харилцаа, хамтын ажиллагааны үр дүн нь хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг ажил хэрэг болгож, хоёр армийн харилцааг гүнзгийрүүлэх тодорхой алхам боллоо” гэв.