ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (FSB) “Telegram” платформыг үүсгэн байгуулагч Павел Дуровыг терроризмыг дэмжсэн гэх үндэслэлээр баривчлах шийдвэр гаргаснаа Лхагва гаригт (2026.07.29) мэдэгдлээ.
“FSB”-ийн мэдээлснээр, “Telegram” нь Украины тагнуулын байгууллага болон ОХУ-ын “хэт даврагч” гэж тодорхойлсон бүлгүүдийн хорлон сүйтгэх ажиллагаа, цахим залилан, зэвсэгт халдлагыг зохион байгуулахад ашиглагдсан контентыг устгаагүй нь энэхүү хэрэг үүсгэх үндэслэл болсон байна.
Үүний дараа “Telegram”-ийн албан ёсны “X” хуудсанд Павел Дуров дунд хуруугаа харуулж буй зураг нийтэлж, Оросын эрх баригчдын шийдвэрт хариу өгчээ.
Дубайд оршин суудаг, Франц болон АНЭУ-ын давхар иргэншилтэй Павел Дуров өмнө нь өөрийг нь “FSB” шалгаж байгаа тухай мэдээлэл гарсны дараа “Оросын эрх баригчид ‘Telegram’-ийг бүрэн хориглох шалтаг зохиож байна” гэж буруутгаж байсан юм.
ОХУ-ын хуульд терроризмыг дэмжсэн хэрэгт буруутай нь тогтоогдвол хамгийн ихдээ 15 жилийн хорих ял оноох боломжтой.
Дуровыг баривчлах шийдвэр нь “Telegram”-ийг гэмт хэргийн үйл ажиллагаанд ашиглагддаг гэх үндэслэлээр тус платформд сүүлийн саруудад Оросын зохицуулах байгууллагууд шинэ хязгаарлалт тогтоосны дараа гарч байна.
Өдгөө төрийн харилцаа холбооны зохицуулагч “Roskomnadzor” компани ОХУ-д ойролцоогоор 90 сая хэрэглэгчтэй “Telegram”-ийг татан авах хурдыг удаашруулж, дуут болон дүрст дуудлагыг хааснаар “VPN” ашиглахгүйгээр хэрэглэхэд хүндрэлтэй болоод байна.
Павел Дуров өмнө нь контентын зохицуулалтын бодлоготой холбоотойгоор ОХУ болон барууны орнуудын шүүмжлэлд өртөж байсан. Тэрбээр 2006 онд байгуулсан “VKontakte” нийгмийн сүлжээнээс сөрөг хүчний бүлгүүдийн хуудсыг устгах шаардлагыг биелүүлэхээс татгалзсаны дараа 2014 онд ОХУ-ыг орхин явжээ.
Үүний зэрэгцээ хууль бус контентыг устгах асуудлаар шүүхийн байгууллагатай хамтран ажиллаагүй гэх үндэслэлээр Францын эрх баригчид Дуровыг шалгаж байгаа юм. Түүнийг 2024 оны наймдугаар сард Францад баривчилж, яллагдагчаар татсан ч өнгөрсөн онд сулласан билээ.