Эртний индианчуудын соёл иргэншлийн олон зуун геоглифийг Амазоноос илрүүлжээ

МОСКВА, 2026 оны долоодугаар сарын 30 /TASS/. Европ, Бразилын археологичид Бразилын Акри, Амазонас мужуудаас өмнө нь мэдэгдээгүй байсан 400 шахам геоглиф буюу эртний индианчуудын соёл иргэншлийн үеийн газар дээр зурсан аварга том хээ, дүрсүүдийг илрүүлжээ. Геометрийн хийсвэр дүрстэй төстэй эдгээр геоглифийг нээснээр Амазоны ширэнгэн ойд үүнтэй адил хэдэн арван мянган байгууламж байгааг харуулж байна гэж Nature сэтгүүлд нийтлэгдсэн судлаачдийн өгүүлэлд дурдсан байна.

“Амазоны баруун өмнөд хэсгээс өмнө нь хүний гараар бүтээсэн олон геометрийн дүрс илэрч байсан билээ. Энэ нь колоничлолын өмнөх үед энд томоохон дурсгалууд барих чадвартай соёл иргэншил оршин тогтнож байсныг харуулсан юм. Бид анх удаа лазер радарын технологийг ашиглан эдгээр геоглифийн нийт тоог тогтоож, тэдгээрийн тоо болон уг соёл иргэншлийн цар хүрээг өмнө нь ихээхэн дутуу үнэлж байсныг нотлох баримтыг нээлээ” хэмээн судлаачид бичжээ.

Энэхүү дүгнэлтийг Финландын Хельсинкийн их сургуулийн профессор Мартти Пярссиненээр ахлуулсан Бразил, Европын археологичдын баг хийжээ. Тэд Амазоны бүсэд эртний үе болон Дундад зууны эхэн үед оршин байсан гэж үздэг Акри мөрний соёл иргэншлийг судлах төслийн хүрээнд уг судалгааг хийсэн байна. 20 орчим жилийн өмнө Бразилын баруун өмнөд нутгийн ойг тайрсны дараа эртний индианчуудын гараар бүтсэн аварга геоглифүүд ил гарч ирснээр судлаачид энэ соёл иргэншлийн ул мөрийг анх илрүүлж эхэлжээ. 

Эдгээр хийсвэр хээ угалз, дүрснүүдийн зарим нь хэдэн арван га талбайг хамрах бөгөөд ихэнх нь Амазоны шигүү ойн саглагар оройн дор нуугдаж байсан тул уг соёл иргэншлийн цар хүрээ болон геоглифүүдийн тоо өнөөг хүртэл түүхчид, археологичдын хувьд нууц хэвээр байв. Судлаачид тэдгээрийг олж илрүүлж, судлах зорилгоор Бразилын Акрэ, Амазонас мужууд руу хэд хэдэн удаагийн экспедиц зохион байгуулж, нутгийн шигүү ойг лазер радараар тоноглосон дрон ашиглан судалсан байна.

Археологичид Амазоны эдгээр бүсийн 4.4 мянган хавтгай дөрвөлжин км талбайг судалсны үр дүнд 432 геоглифийг илрүүлсний 396 нь өмнө нь бүртгэгдээгүй байжээ. Энэхүү нээлт нь Акри бүсэд 24-30 мянга орчим аварга газрын дүрс нуугдаж байх магадлалтайг харуулсан нь судлаачдыг ихээхэн гайхшруулсан байна.

Судлаачдын үзэж буйгаар, энэ нь МЭ-ий 100-300 оны үед Акри мөрний соёл иргэншил ид цэцэглэн хөгжиж байх үед тус бүс нутагт 1.25-3 сая орчим хүн оршин сууж байсныг илтгэж байгаа бөгөөд энэ нь Колумбаас өмнөх үеийн Амазон мөрний сав газрын нийт хүн амын одоогийн тооцооллоос их тоо юм. Иймээс колоничлолоос өмнөх үеийн Өмнөд Америкийн уугуул иргэдийн хүн амын хэмжээг төдийгүй байгаль, газар нутгийн өнгө төрхөд үзүүлсэн тэдний нөлөөг өнөөг хүртэл ихээхэн дутуу үнэлж ирсэн байх магадлалтай гэж судлаачид дүгнэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн