АСТАНА, 2026 оны долоодугаар сарын 30 /Kazinform/. Балхаш хотод 750 тэрбум тенгегийн /1.6 тэрбум орчим ам.доллар/ өртөг бүхий зэс хайлуулах үйлдвэр барих төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Казахстаны засгийн газар дэмжлээ. Энэ тухай засгийн газрын хэвлэлийн алба мэдээлснийг Kazinform агентлаг уламжлав.
Холбогдох тогтоолд Ерөнхий сайд Олжас Бектенов гарын үсэг зуржээ. Түүхий эдийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар төрийн тэргүүний өгсөн үүргийн дагуу энэхүү төслийг хэрэгжүүлэх юм.
Шинэ үйлдвэрийг Караганда мужийн Балхаш хотод 2027 оноос барьж эхлээд 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус үйлдвэрт жилд 300 мянган тн катодын зэс үйлдвэрлэж, 10 тн алт, 300 тн мөнгийг цэвэршүүлж, 1.5 сая тн хүхрийн хүчил үйлдвэрлэнэ.
Үйлдвэр ашиглалтад орсноор 1200 ажлын байр бий болох бөгөөд бүх ажилтны 90 хувийг Казахстаны мэргэжилтнүүд бүрдүүлж, цаашдаа энэ тоо 95 хувьд хүрнэ. Түүнээс гадна, хөрөнгө оруулагч тал 50 хүнийг Караганда мужийн их дээд сургуулиудад сургах юм.
Энэ үйлдвэр байгуулагдсанаар Казахстаны зэсийн үйлдвэрлэл 1.5 дахин өсөж, жилд 800 мянган тоннд хүрэх бөгөөд нэмүү өртөг шингэсэн зэсийн экспорт 760 мянган тоннд хүрч өснө.
Энэ оны эхний хагас жилийн дүнгээр, катодын зэсийн үйлдвэрлэл 232 мянган тн болсон байна.