Өөрсдөөсөө ч харамладаг өглөгч энэтхэгчүүд

“Энэтхэгчүүд хэрхэн өгдөг вэ” гэх хамгийн сүүлийн үеийн тайланг Ашока их сургуулийн Нийгмийн нөлөөлөл ба сайн үйлсийн төвөөс гаргажээ. Тус улсын сайн үйлс, хандив, буяны үйл ажиллагааг зохион байгуулалттай институциуд ноёлдог гэх үндсэн ойлголт байдаг. Гэвч жинхэнэ чимээгүй хандивлагчид бол айл өрхүүд, энгийн иргэд гэдгийг сүүлийн тайлангаар тодорхой болгожээ.

Тайланд дурдсанаар, Энэтхэгийн айл өрхүүд жилдээ 540 тэрбум рупи буюу зургаан тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулдаг. Хандивыг бэлэн мөнгө, эд бараа, сайн дурын ажил гэх мэт янз бүрийн байдлаар өгчээ.

Судалгаанд оролцогчдын 68 хувь нь ямар нэг хэлбэрээр хандив өгч байсан гэж мэдэгдсэн байна. Хандивын 48 хувь нь хоол хүнс, хувцас хунар, гэр ахуйн бараа гэх зэрэг бэлэн бус хэлбэрээр, 44 хувь нь бэлэн мөнгөөр, 30 хувь нь сайн дурын ажил хэлбэрээр байжээ. Гамшигийн үед тусламжийн багт дайчлагдах зэрэг нь сайн дурын ажилд тооцогддог. Харин хандиваар өгсөн хоол хүнсний ихэнх хэсэг нь нийтийн үнэгүй гал тогоонд очдог.

Ашока их сургуулийн Нийгмийн нөлөөлөл ба сайн үйлсийн төвийн тэргүүн Жинни Уппал “Энэтхэг бол маш өгөөмөр улс. Бидний судалгааны үр дүнгээс харахад энгийн өрхүүд буяны үйлсэд илүү их үүрэг гүйцэтгэж байна” гэжээ.

Хандивын урсгалын 40-45 хувь нь шашны байгууллагууд, гуйлгачид, ядуус, хөдөө орон нутаг руу чиглэдэг. Энэтхэгийн хөдөө орон нутагт шашны байгууллагууд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Тийм ч учраас шашны өмнө хүлээсэн үүрэг, ёс суртахууны мэдрэмжийн үүднээс энэтхэгчүүд хандив өргөдөг ажээ.

Айл өрхүүд орлого багатай ч байсан сард тодорхой хэмжээний мөнгийг сайн үйлсэд зарцуулдаг. Орлого нь нэмэгдэхийн хэрээр өргөх хандивынх нь хэмжээ ч нэмэгддэг гэдгийг судалгаанд оролцогчид хариулжээ.

Судалгаанаас гарч ирсэн бас нэгэн чухал үр дүн нь энэтхэгчүүдийн өгөөмөр сэтгэл тохиолдлын чанартай бус, системчилсэн шинж чанартай байдаг явдал юм. Энэтхэг улс дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй томоохон эдийн засгийн нэг. Тэгэхээр айл өрхийн хэрэглээ өсөхийн хэрээр хандив ч хөгжих магадлалтай юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн