Өмнөд Солонгосын ард түмэн Нобелийн шагнал хүртэх үү?

Өмнөд Солонгосын ард түмэн эв нэгдэлтэй байж, цэргийн онц дэглэмийг эсэргүүцэн, Юн Сук Ёлыг түлхэн унагаасан учир Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшиж магадгүй байна. Тодруулбал, Өмнөд Солонгосын Олон улсын улс төрийн шинжлэх ухааны холбооны өмнөх болон одоогийн удирдлагууд ийм санаачлага гаргаж, улмаар Норвегийн Нобелийн хороонд хүсэлтээ хүргүүлжээ.

Тухайн үед ард иргэд гэрэлт саваа өргөн гудамжинд гарч жагссаныг “Гэрлийн хувьсгал” хэмээн санаачлагын эзэд нэрлэсэн байна. Мөн үүнийг энгийн иргэдийн үүсгэсэн энх тайванч хөдөлгөөн гэж тодорхойлжээ.

Эргэн сануулахад, Өмнөд Солонгосын ард иргэд 2024 оны арванхоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Үндэсний ассамблей зэрэг улс төрийн чухал байгууламжуудын өмнө цугларсан. Юн Сук Ёлын тогтоосон цэргийн онц дэглэм зургаан цагийн дотор цуцлагдсан ч гэлээ иргэд импичмент зарлахыг шаардан, үргэлжлүүлэн жагссан билээ.

“Солонгосын ард түмэн асар богино хугацаанд ардчиллыг сэргээж байгааг дэлхий нийт бишрэн харж байсан. К-поп, к-драма дэлхий дахиныг эерэгээр нэгтгэдэг шиг к-ардчилал ч ижил түвшинд очжээ” гэж Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор Ким Эю Ён хэлжээ.

Дашрамд дурдахад, ерөнхийлөгч Ли Жэ Мён Олон улсын улс төрийн шинжлэх ухааны холбооны гаргасан санаачлагыг магтан сайшаасан байна. Тэрбээр “Энэ бол боломжтой зүйл. Яагаад гэвэл энэ чинь хүн төрөлхтөний түүхийн үлгэр дуурайлал болсон ард түмэнтэй аугаа Солонгос улс шүү дээ. Солонгосчууд дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгийг хүртэх эрхтэй гэж би бодож байна. Солонгосын ард түмэн энх тайвныг сэргээж, ардчиллын үнэ цэнийг дэлхийд харуулсныхаа төлөө Нобелийн Энх тайвны шагнал хүртэх юм бол мөргөлдөөн, сөргөлдөөнтэй байгаа бусад улсуудын хувьд санаж сэрэх цэг нь болох биз ээ” гэсэн юм.

Энэ жилийн Нобелийн шагналтнуудыг аравдугаар сарын 5-12-ны өдрүүдэд зарлана. Тэр дундаа Энх тайвны шагналтныг аравдугаар сарын 9-нд зарлах товтой байна.

Нобелийн шагналыг гурав хүртэлх тооны хувь хүн, аль эсвэл бүлэгт олгож болдог. Өмнө нь Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар болон Дэлхийн хүнс хөтөлбөр Энх тайвны шагналыг хүртэж байжээ.

Харин Өмнөд Солонгосоос хоёр Нобелийн шагналтан байдаг. Тодруулбал, ерөнхийлөгч асан Ким Дэ Жүн 2000 онд Нобелийн Энх тайвны шагнал, зохиолч Хан Ган 2024 онд Нобелийн Утга зохиолын шагнал тус тус хүртсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн