Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинг нэмэлтээр 300 мянгаас 500 мянган хүн дайчилж магадгүй гэж мэдэгдэв.
Зеленский Даваа гаригт (2026.07.27) Их Британийн “Sky News” телевизэд өгсөн ярилцлагадаа Путин “энэ дайныг зогсооход бэлэн биш байна” гэж мэдэгджээ. Зеленский мөн Украины тагнуулын мэдээллийг иш татан, Путин есдүгээр сард Орос улсад парламентын сонгууль болсны дараа шинэ цэрэг дайчлахаар төлөвлөж байгаа гэж хэлэв.
Украины тагнуулын мэдээллээр Путин аравдугаар сарын эхэн үеэс эхлэн шинэ цэргүүдийг элсүүлнэ. Хэрэв Украин Оросын логистик, зэвсэг, түлшний хангамжийг тасалдуулахгүй, мөн барууны түншүүд Москвад “бүрэн хориг арга хэмжээ” ногдуулахгүй бол энэ нь тохиолдож болзошгүй гэж Зеленский үзэж байна.
Тэрбээр мөн Путин шинээр элссэн цэргүүдийг хурдан сургаж чадахгүй бөгөөд “муу бэлтгэгдсэн хүмүүсийг тулааны талбарт хаях болно” гэж мэдэгджээ. Зеленский “Энэ нь эргээд маш их алдагдалд хүргэх болно” гэж онцолжээ.
Зеленский өмнө нь Орос улсад цэргийн албан хаагчдын хомсдол үүсч байгааг онцолж байсан. Түүний хэлснээр өнгөрсөн долоон сарын хугацаанд Оросын армид элссэн 220 мянга гаруй хүнтэй харьцуулахад мөн хугацаанд хохирол амссан цэргийн тоо хавь илүү байгаа аж.