Украины залуу бөх Аонишики мэргэжлийн сүмогийн Нагоя башёд түрүүлж, озэки цолны болзлоо хангав. Өдгөө 22 настай сэкивакэ цолтой байсан түүний хувьд ердөө арав давахад л озэки цол авах байсан ч үүнийгээ давуулан биелүүлж, Эзэн хааны цомыг хүртжээ.
Тэрбээр өчигдөр/2026.07.27/ уламжлал болсон түрүү бөхийн хэвлэлийн бага хуралдаа оролцлоо. Энэ үеэрээ ярихдаа “Би зүгээр нэг бөх биш гэдгээ харуулж чадлаа. Би дээд цолонд хүрэхийг зорьж байгаа” гэв.

Аонишики мэргэжлийн сүмод хөл тавиад ердөө 14 башёгийн дараа озэки цол хүртэж, энэ цолонд хамгийн богино хугацаанд хүрсэн бөх болж байсан юм. Гэвч бэртлийн улмаас тааруу барилдаж, цол буурсан билээ. Гэсэн ч эцэст нь эргүүлэн цолоо авч чадлаа.
Украин залуу үргэлжлүүлэн ярихдаа “Би дэвжээн дээр айдастай, сэтгэл түгшүүртэй барилдаж байсан. Гэвч хурдаа сааруулахыг хүсээгүй. Цол буурахад бухимдаж байсан. Гэхдээ озэки цолоо эргүүлэн авсандаа баяртай байна” гэжээ.

Түүний сүмод дурлах болсон шалтгаан нь ёкозүна Асашорюү Д.Дагвадорж. Их аваргын 2002 оны барилдааныг интернетээс олж үзэн, сүмод дурлажээ. Тэрбээр 17 насандаа Украины сүмогийн аваргаас гурван алтан медаль хүртэж байв. Харамсалтай нь, 2022 оны хоёрдугаар сард Оросын цэргийн ажиллагаанаас болж, эх орноосоо дүрвэн Германы дүрвэгсдийн хуаранд очжээ.
Тэнд байхдаа сүмогоор дамжуулан танилцсан Арата Яаманака гэх Кансай их сургуулийн сүмогийн клубын ахлагчтай холбогдон Япон руу ирэх замаа олжээ. Яаманакагийн гэр бүл түүний зардлыг дааж, бөх болоход нь бэлдсэн аж.

Улмаар Аонишики буюу Данило Явгусишин Ажигава дэвжээний анхаарлыг татаж, сүмод үлдсэн гэнэ.
Аонишики энэ оны ирэх хоёр башёд сайн барилдвал ирэх жил ёкозүна цол хүртэх боломжтой.