Усны шугамыг засварлуулахын тулд 21 кг алтан гулдмай хандивлажээ

Нэрээ нууцалсан хүн Осака хотод хуучирсан усны шугам сүлжээгээ засварлахад зориулж их хэмжээний хандив өгсөн байна. Тодруулбал, 21 кг алтан гулдмай байсан бөгөөд энэ нь ойролцоогоор 3.6 сая ам.доллар орчим үнэлгээтэй байна. Хотын дарга Хидэюки Ёкояма хэлэхдээ, өнгөрсөн арваннэгдүгээр сард нэрээ нууцлахыг хүссэн хандивлагч уг алтыг өгсөн гэж мэдэгдэв. Бараг гурван сая хүн амтай Осака нь Японы хамгийн том хотуудын нэг. Гэвч Японы олон хотын адил ус, бохирын шугамууд нь хуучирч муудсан байна.

Осака хотод 2024 оны санхүүгийн жилд зам доогуур 90 гаруй удаа усны хоолой алдагдсан тохиолдол бүртгэгджээ. Албаныхны хэлснээр хуучин шугамуудыг солиход асар их хөрөнгө шаардлагатай байсан. Хотын дарга Ёкояма энэ хандивт маш их талархаж байгаагаа илэрхийлж, “гайхалтай их хэмжээ” хэмээн онцолсон байна. Мөн ижил хандивлагч өмнө нь усан хангамжийн үйлчилгээнд зориулж 500 мянган иен бэлнээр өгч байсныг дурджээ.

Хотын усан хангамжийн газар уг алтыг хуучирсан усны шугамыг засварлах, солих ажилд ашиглана гэж мэдэгдсэн. Япон даяар усны шугамын 20 гаруй хувь нь хуулиар тогтоосон 40 жилийн ашиглалтын хугацааг давсан байна. Мөн хуучирсан бохирын шугамын улмаас хотуудад газрын хонхор, цооног үүсэх тохиолдол нэмэгджээ. Өнгөрсөн жил Сайтама мужид томоохон газрын хонхор үүсэж, ачааны машин унаж, жолооч нь амиа алдсан хэрэг гарсан. Үүнийг бохирын хоолой хагарсантай холбоотой гэж үзэж байна. Уг ослын дараа Японы эрх баригчид хуучирсан шугамуудыг солих ажлыг эрчимжүүлсэн боловч төсвийн хүндрэлээс шалтгаалан засварын ажил удааширчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн