Бразилийн ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн хүү Флавио Болсонаро ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших кампанит ажлаа албан ёсоор эхлүүллээ. Тэрбээр Бямба гаригт (2026.07.25) Либерал намын их хурлын үеэр үг хэлэхдээ, энэ удаагийн сонгуулийг “сайн ба муугийн хоорондох тэмцэл” хэмээн тодорхойлж, ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силватай өрсөлдөхөө мэдэгдэв.
Кампанит ажлын нээлтэд олон улсын баруун жигүүрийн зарим удирдагч дэмжлэг үзүүлжээ. Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей арга хэмжээнд биечлэн оролцож, “Флавио Болсонаро Бразилийг социализмаас аварч чадна” гэж мэдэгдсэн байна. Мөн Израилийн ерөнхий сайд Бэньямин Нетаньяху баяр хүргэсэн видео цахимаар илгээжээ.
Гэсэн ч арга хэмжээнд Бразилийн нэр нөлөө бүхий улс төрчид цөөн оролцсон бөгөөд төвийн барууны намууд ихэвчлэн зай барьсан хандлагатай байжээ. Харин Жаир Болсонаро 2022 оны сонгуулийн дараах төрийн эргэлт хийхийг завдсан хэрэгт буруутгагдан 27 жилийн хорих ял эдэлж байгаа юм.
Урьдчилсан сүүлийн санал асуулгуудаар Флавио Болсонаро одоогийн ерөнхийлөгч Лула да Силвагаас рейтингээрээ хоцорч буйг харуулжээ. Лулагийн тэргүүлдэг Ажилчны нам наймдугаар сарын 2-нд болох их хурлаараа 80 настай ерөнхийлөгчийг улиран нэр дэвшүүлэхээр төлөвлөж байна.
Флавио Болсонаро мөн Бразилийн сонгуулийн тогтолцооны найдвартай байдлын талаар үндэслэлгүй мэдээлэл давтан тараасан гэх шүүмжлэлд өртөөд байна. Түүнчлэн тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай тогтоосон харилцаагаа сонгуулийн кампанит ажилдаа ашиглахыг оролдож, Бразилийн дотоод хэрэгт гаднын оролцоог өдөөж байна гэсэн шүүмжлэлтэй тулгарчээ.