Берлин хотын төвд Бямба гаригийн орой (2026.07.25) болсон “Christopher Street Day” буюу Берлиний Прайд арга хэмжээний үеэр автомашинаар гудамжид байсан хүмүүсийг дайрсан хэрэг гарсан. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, 29 хүн шархадсан. Тэдний заримынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Берлиний цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийг нэн даруй эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан бол Ням гаригт баруун хойд хэсгийн Шпандау дүүрэгт илрүүлжээ.
Берлиний цагдаагийн газрын мэдээлснээр, сэжигтэнг Ливан гаралтай, Германы иргэн Абдул Баллоут гэж тодорхойлсон бөгөөд тэрбээр хутга мэт иртэй зэвсэг барин алба хаагчид руу дайрсан байна.
Цагдаа нар өөрийгөө хамгаалах журмаар түүний эсрэг гал нээжээ. Дараа нь аврагчид түүнийг амилуулахыг оролдсон ч хэргийн газарт нас барсан байна. Цагдаагийн газрын мэдэгдэлд “Бямба гаригийн халдлагын сэжигтнийг оройн 18:00 цагийн орчимд Шпандау дахь цэцэрлэгт хүрээлэнгийн бүсээс илрүүлсэн. Анхны мэдээллээр тэр иртэй зэвсэг барин цагдаа нар руу дайрсан тул алба хаагчид галт зэвсэг хэрэглэсэн” гэж тэмдэглэсэн байв.

Абдул БаллоутГерманы дотоод хэргийн сайд Александр Добриндт “Одоогоор бидэнд байгаа бүх мэдээллээр энэ нь исламын хэт даврагч үзэлтэй холбоотой террорист халдлага байсныг харуулж байна” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр Баллоут өмнө нь олон удаагийн гэмт хэрэгт холбогдож байсан хэт даврагч үзэлд автсан нэгэн байжээ. Тухайлбал, “төрийн эсрэг ноцтой хүчирхийллийн ажиллагаа бэлтгэсэн” хэргээр нэг жил 10 сарын тэнсэн харгалзах ял авч байжээ.
Германы хэвлэлүүдийн мэдээлснээр, Баллоут “Исламын улс” (IS)-д нэгдэхийг завдсан ч бүтэлгүйтсэн аж.
Цагдаагийн мэдээлснээр, Баллоут автомашинаар хүмүүсийг дайрсны дараа мачете төрлийн хутгаар дахин халдахыг завдсан байж болзошгүй. Дараа нь хэргийн газраас зугтан, автомашинаа Тиргартен цэцэрлэгт хүрээлэнд орхисон байна.Германы канцлер Фридрих Мерц халдлагыг эрс буруутгаж, гэм буруутай этгээдүүдийг хатуу шийтгэнэ гэж мэдэгдэв. Тэрбээр ийм халдлага Германы нийгмийг талцуулж болохгүйг онцолж, халдлагын бай болсон хүмүүст “айдаст автахгүй байхыг” уриалжээ. Берлин хотын захирагч Кай Вегнер “Энх тайван, олон ургалч үзлийг илэрхийлсэн Прайд арга хэмжээ ийм харгис халдлагад өртсөн нь цочирдом хэрэг. Энэ бол манай эрх чөлөөт, нээлттэй нийгэмд хийсэн халдлага” хэмээн мэдэгдсэн байна.Үүний зэрэгцээ ЛГБТК+ хөдөлгөөнийг дэмждэггүй хэт барууны улстөрчид энэхүү хэргийг ашиглан цагаачлалын эсрэг байр сууриа дахин илэрхийлжээ. Германы төлөөх өөр сонголт (AfD) намын гишүүн Мартин Хесс уг халдлагыг “Засгийн газрын аюулгүй байдлын бодлого бүрэн дампуурсны үр дагавар” хэмээн шүүмжилсэн байна.