Канад, АНУ-ыг холбосон шинэ гүүр ашиглалтад орлоо

Канад улс Баасан гаригт (2026.07.24) Онтарио мужийн Виндзор хот болон АНУ-ын Детройт хотыг холбох “Gordie Howe” олон улсын шинэ гүүрний бүтээн байгуулалт дууссаныг албан ёсоор тэмдэглэж, тууз хайчлах ёслол зохион байгууллаа. Олон тэрбум ам.долларын өртөгтэй, хэдэн жил үргэлжилсэн уг төсөл нь Канад, АНУ-ын худалдаа, аялал жуулчлал болон ажлын байрны урсгалд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Зургаан эгнээтэй тус гүүрийн автомашины хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн нээж байна. Канадын албаныхан үүнийг “улсын түүхэн дэх хамгийн чухал дэд бүтцийн төслүүдийн нэг” хэмээн онцолжээ. Гүүрийг хариуцан ажиллуулах Виндзор-Детройт Бридж газрын түр гүйцэтгэх захирал Чак Андари нээлтийн үеэр “Өнөөдөр нэгэн аяллын төгсгөл төдийгүй шинэ эхлэлийн өдөр болж байна” гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ АНУ болон Мичиган мужийн албаныхан нээлтийн ёслолд оролцоогүй аж. Ёслолын үеэр хоёр орны төрийн дуулал дараалан эгшиглэх ёстой байсан ч зөвхөн Канадын тал төрийн дууллаа тоглосон байна. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канадын бараанд 50 хувийн тариф ногдуулах шийдвэрээ өнгөрөгч долоо хоногт зарласны дараа хоёр талын хамтарсан арга хэмжээ цуцлагдсан байна.

Харин ёслолд оролцсон Онтарио мужийн сайд Даг Форд “Манай хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд сорилттой тулгарсан ч Канад улс урьд өмнөхөөс илүү эв нэгдэлтэй байна” гэж мэдэгджээ.

АНУ нь Канадын хамгийн том худалдааны түнш билээ. Тодруулбал Канадын экспортын 70 гаруй хувь нь АНУ руу чиглэдэг. Детройт хот нь АНУ-Канадын хил дээрх ачааны автомашины хөдөлгөөний хамгийн том боомт юм. Шинэ гүүр ашиглалтад орсноор Детройт дахь бараг 100 жилийн турш том оврын ачааны автомашины цорын ганц гарц байсан хувийн эзэмшлийн Амбассадор гүүртэй өрсөлдөх нөхцөл бүрдэх аж. Бизнесийн байгууллагуудын үзэж буйгаар шинэ гүүр нь тээврийг илүү хурдан, зардал багатай болгох юм.

Гүүрийг Канадын хоккейн домогт тамирчин, “Ноён Хоккей” хэмээн алдаршсан Горди Хоугийн нэрэмжит болгосон байна. Тэрбээр “NHL”-ийн Детройт Ред Уингс багт олон жил тоглож байсан бөгөөд 2016 онд таалал төгсжээ.

2018 онд эхэлсэн бүтээн байгуулалт цар тахлын улмаас удааширсан. Канад улс нийт 6.4 тэрбум ам.долларын өртгөөр төслийг санхүүжүүлсэн байна. Хоёр улсын байгуулсан гэрээний дагуу Канад улс эхний 15 жилийн хугацаанд зам ашигласны төлбөрийн тодорхой хэсгийг АНУ-тай хуваалцах юм. Нийт 2.4 км урттай уг гүүр Детройт мөрний дээгүүр хамгийн өндөр цэгтээ 46 метр хүрдэг. Явган зорчигч болон дугуйтай иргэд зохих бичиг баримттай тохиолдолд ойрын долоо хоногуудад үнэ төлбөргүй зорчих боломжтой болгох ажээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн