АСТАНА, 2026 оны долоодугаар сарын 27 /Kazinform/. Хэдийгээр эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ тасралтгүй нэмэгдэж, зэвсэгт мөргөлдөөнүүд үргэлжиж, эдийн засгийн байдал тогтворгүй байгаа боловч хөлөг онгоцны аяллын дэлхийн зах зээл эрчимтэй өргөжин тэлсээр байна.
Өнгөрсөн онд гэхэд хөлөг онгоцоор аялсан зорчигчдын тоо 37 саяас давсан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Олон улсын круиз аяллын компаниудын холбооны таамаглаж байгаагаар, эрэлт цаашид өсөж, 2026 онд 38 саяас давах бөгөөд 2029 онд 42 саяд хүрэх төлөвтэй байна. Энэ нь хэрэглэгчдийн дадал зуршил өөрчлөгдөж буйтай холбоотой гэж эдийн засагчид дүгнэжээ. Эдийн засгийн өсөлт саарсаар байгаа хэдий ч олон хүн автомашин, мебель болон бусад бараанд худалдан авахад зарцуулдаг мөнгөө багасгаж, аялал хийх нь илүү дээр гэж үздэг нь хэвээр байна.
Круиз аяллын компаниуд тасалбараас төдийгүй экскурс, зоогийн газар, спа, казино, ундаа зэрэг нэмэлт үйлчилгээнээс орлогынхоос багагүй хэсгийг бүрдүүлдэг ажээ.
Хөлөг онгоцны аяллын хамгийн том зах зээл бол АНУ юм. Тус улсын иргэд өнгөрсөн онд 20.6 сая удаагийн аялал хийсэн бол германчууд 3 сая орчим удаагийн аялал хийснээр хоёрдугаарт бичигдлээ. Сүүлийн үед тус салбарт шинэ шинэ сорилтууд тулгарч байна. Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас компаниуд аяллынхаа чиглэлийг өөрчилж байгаагаас гадна экологийн шаардлагууд чангарснаас үүдэн экологид ээлтэй хөлөг онгоцууд зохион бүтээх, шинэ төрлийн шатахуун хэрэглэхэд хүрч байгаа юм. Мөн олон компани цар тахлын үеэр зогссон бизнесээ сэргээж байна.
Энэ мэт бэрхшээлүүд байгаа боловч круиз аяллын эрэлт ойрын жилүүдэд өснө гэж шинжээчид үзэж байгаа юм.