Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 26 /Reuters/. АНУ-ын тал цохилтоо түр зогсоосон хэдий ч амралтын өдрүүдээр Ираны дайн Улаан тэнгис болон Каспийн тэнгис рүү өргөжлөө. Ираны дэмжлэгтэй Йемен дэх хуситууд Улаан тэнгисийн эргийн дагуу орших Саудын Арабын газрын тосны байгууламжууд руу дайрсан бол Ираны тал Каспийн тэнгист хөлөг онгоц руу нь халдсан гэж Украиныг буруутгажээ.

Ираны эсрэг явуулж буй тэнгисийн бүслэлтийн ажиллагаа “хүчин төгөлдөр хэвээр” байгаа гэж АНУ-ын зэвсэгт хүчин бямба гарагт мэдэгдсэн хэдий ч 13 шөнө дараалан эрчимтэй өгч байсан агаарын цохилтоо яагаад зогсоосноо тайлбарласангүй.

Түүнчлэн Ираны тал өмнөх өдрүүдийн адил АНУ-ын ажиллагааны хариуд хөрш орнууд руугаа довтолсон тухай мэдээлэл гараагүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтан цохилтыг түр зогсоосон талаар хэлэхдээ, “Трамп дипломат аргыг илүүд үздэгээ үргэлж тодорхой илэрхийлж ирсэн. Гэхдээ Ираны тал яриа хэлэлцээний ширээний ард нухацтай суухгүй бол юу болохыг хэдийнээ харуулсан” гэжээ.

Трамп одоогоор Ираны эсрэг цэргийн ажиллагааг эрчимжүүлэх төлөвлөгөөнөөсөө түр ухрахаар шийдсэн тухай The New York Times сонин энэ талаар мэдээлэл бүхий хоёр эх сурвалжийн хэлснийг эш татан бямба гарагт мэдээлсэн байна.

Тус сонинд бичсэнээр, АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд мөргөлдөөн өргөжих, АНУ-ын зэвсгийн нөөц шавхагдах, Персийн булангийн холбоотон орнууд нь холдох, мөн эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлэлт, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх вий гэж болгоомжилж байгаа аж.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Дэн Кейн нар баасан гарагт Цагаан ордонд болсон уулзалтын үеэр сум, зэвсгийн нөөц багасаж байгаад санаа зовниж буйгаа Трампад илэрхийлсэн талаар албаны эх сурвалж CNN агентлагт мэдээлсэн байна. Мөн АНУ-ын Батлан хамгаалах яамны эх сурвалж “цэргийн ажиллагааг одоогоор түр зогсоосон” гэж мэдээлжээ.

Персийн буланд нөхцөл байдал харьцангуй намжсан хэдий ч бямба гарагт Ираны холбоотон хуситууд ба Саудын Арабын хооронд мөргөлдөөн болсон нь Ормузын хоолойгоор дайран өнгөрөх эрчим хүчний эх үүсвэрүүдийн нийлүүлэлтийг саатуулаад байгаа Ираны дайны хүрээ далайн тээврийн хоёр дахь чухал зам болох Улаан тэнгис рүү өргөжиж, Йеменд дахин иргэний дайн дэгдээж болзошгүй байгааг харууллаа.

Хуситууд бямба гарагт Жизан, Янбу хотууд дахь Саудын Арабын төрийн өмчит “Aramco” газрын тосны компанид харьяалагддаг байгууламжуудад цохилт өгсөн тухай тус бүлэглэлийн цэргийн төлөөлөгч Яхья Сари мэдэгдсэн байна. Йементэй хил залгаа Жизан хот дахь тус компанийн үйлдвэр нь өдөрт 400 мянга хүртэл торх түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай ажээ.  

Янбу хотын газрын тосны байгууламж руу харвасан хоёр пуужинг замаас нь амдан сөнөөсөн байна. Саудын Арабын Улаан тэнгис дэх газрын тос тээвэрлэх гол боомт болох Янбу нь Ираны бүсэлсэн Ормузын хоолойг тойруулан газрын тос тээвэрлэх гол замуудын нэг болоод байгаа юм.

Йемений албаны хүмүүсийн мэдээлснээр, Саудын Арабаас дэмжлэг үзүүлдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газрын Агаарын цэргийн хүчин Йемений Мариб, Аль-Жавф мужууд дахь хуситуудын байрлалд цохилт өгсөн байна.

Мөн Йемений иргэний дайнд оролцож буй хоёр тал фронтын шугамын дагуу хүчээ төвлөрүүлж эхэлжээ.

Саудын Араб нь Ираны дэмжлэгтэй хуситууд Йемений нийслэл Санаа хотыг эзлэн авснаас хойш тэдэнтэй тулалдаж буй Арабын орнуудын эвслийг тэргүүлж байгаа билээ. 

Хуситууд өнгөрсөн долоо хоногт Саудын Арабын эсрэг тэнгисийн бүслэлтийн ажиллагаа явуулж эхэлснээ зарласан бөгөөд тус бүлэглэлийн удирдагч Абдул Малик аль-Хуси Саудын Арабын газрын тосны бүх байгууламж цохилтын бай болж болзошгүй хэмээн анхааруулжээ.

Үүнээс гадна, Ираны Гадаад хэргийн яам Каспийн тэнгист арилжааны хөлөг онгоц руу нь халдсан гэж Украиныг буруутгаж, нэг далайчин амиа алдаж, нэг нь шархадсан гэж мэдэгдсэн байна.

Тус яам Техран дахь Украины хэргийг түр хамаарагчийг дуудан уулзаж, уг халдлагыг “дайсагнасан бөгөөд гэмт хэргийн шинжтэй” хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн гэж Ираны төрийн мэдээллийн IRNA агентлаг мэдээлжээ. 

Ираны энэхүү мэдэгдэл нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хийсэн мэдэгдэлтэй цаг хугацааны хувьд давхацжээ. ОХУ Ойрх Дорнод дахь хиймэл дагуулын ажиглалтын мэдээллээ Иранд дамжуулж, тус бүс нутагт цохилт өгөхөд тусалж байна гэж В.Зеленский мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн