НЬЮ-ЙОРК, 2026 оны долоодугаар сарын 26 /Kazinform/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2028 оныг Олон улсын эрх зүйн жил болгон зарлах тухай тогтоолыг баталсан тухай тус байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ.
Уг тогтоолд олон улсын эрх зүйг хүндэтгэн сахих нь орчин үеийн олон улсын тогтолцооны үр нөлөөтэй, урьдчилан таамаглах боломжтой, хууль ёсны байдлыг хангах зайлшгүй нөхцөл болохыг онцолжээ. Мөн гишүүн орнууд, НҮБ-ын тогтолцооны байгууллагууд болон бусад холбогдох талд хандан 2028 оны турш боловсрол, эрдэм шинжилгээний хурал, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахыг уриалсан байна.
Түүнчлэн маргааныг тайван замаар шийдвэрлэх, олон улсын эрх зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль зүйн боловсролыг боловсронгуй болгохыг дэмжсэн байна. Ялангуяа залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, хуульчдын төлөөлөл болон иргэний нийгмийн байгууллагуудыг олон улсын эрх зүйг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулахад онцгой анхаарал хандуулжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей мөн Туркменистаны санаачилгыг сайшаан, 2028 оны 12 дугаар сард Олон улсын эрх зүйн чуулга уулзалтыг зохион байгуулахыг дэмжжээ. Энэхүү чулуу уулзалт нь Олон улсын эрх зүйн жилийн гол үйл ажиллагаа болох бөгөөд НҮБ-ын гишүүн орнууд, НҮБ-ын байгууллагууд, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэн, иргэний нийгмийн төлөөллийг нэгтгэх юм.
2028 оныг Олон улсын эрх зүйн жил болгон зарласан нь олон улсын эрх зүйн сургалт, судалгааг хөгжүүлэх чиглэлээр НҮБ-аас олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагаа, тухайлбал Олон улсын эрх зүйн туслалцааны хөтөлбөр болон Олон улсын эрх зүйн хорооны ажлын үргэлжлэл болж байна.