18 настай орос охин ганцаараа дэлхийн эсрэг

Милан Кортина 2026

Энэ удаагийн өвлийн олимпод ОХУ-ыг төлөөлөн ердөө 13 тамирчин өрсөлдөж байгаа. Спортын хувьд дэлхийн тэргүүлэгч улсын хувьд 13 тамирчин илгээнэ гэдэг бол байж боломгүй. Гэхдээ л Олон улсын олимпын хороо өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, ийн шийдсэн хэрэг.

ОХУ-ын 13 тамирчин нь бүгд ганцаарчилсан төрлийнх бөгөөд багийн төрлөөр олимпод оролцохгүй.

Одоогоор Оросын тамирчдаас медаль аваагүй явна. Харин маргааш/2026.02.20/ боломж бий. Учир нь уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финал болно. Энэ төрөлд Оросын аварга Аделия Петросян үзүүлбэрээ толилуулна.

18 настай орос охин ганцаараа дэлхийн эсрэг

Сүүлийн гурван жил дараалан Оросын аваргаар тодорсон 18 настай охин хоёр дахь олон улсын тэмцээндээ оролцож байгаа нь өвлийн олимп. Тэрбээр оны өмнө олимпын эрх олгох тэмцээнд түрүүлсэн юм.

Өнгөрсөн Мягмар гаригт Аделия Петросян богино үзүүлбэртээ 72.89 оноо авч, тавдугаарт явж байна. Өнөөдрөөс маргаашд шилжих шөнө 02:00 цагаас чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, хоёр үзүүлбэрийн нийлбэр дүнгээр медальтнууд тодорно.

Богино үзүүлбэрийн дараа Японы Ами Накаи 78.71 оноотой тэргүүлж, түүний араас Каори Сакамото, АНУ-ын Алиса Лю, Японы Монэ Чиба нар эхний дөрөвт явж байна.

Хэзээнээсээ оросууд уран гулгалтаар дэлхийн шилдэг улс байсаар ирсэн. Өнгөрсөн Бээжингийн өвлийн олимпын эмэгтэй алт, мөнгөн медалийг тэд л хүртэж, багаараа мөн л аварга болж байсан түүхтэй. Тиймээс Аделия Петросянд энэ бүхэн нь дарамт болж байгаа нь мэдээж.

Олон улсын тэшүүрийн холбооны зүгээс түүний дасгалжуулагч алдарт Этери Тутберидзег тамирчинтайгаа тэмцээний үеэр хамт байхыг хориглосон. Шалтгаан нь өнгөрсөн олимпоор Камила Валиева допингийн хэрэгт холбогдоход Этери Тутберидзед давхар шийтгэл оноосон юм.

Этери Тутберидзе зөвхөн бэлтгэлийн үеэр л тамирчинтайгаа хамт байгаа.

18 настай орос охин ганцаараа дэлхийн эсрэг

Этери Тутберидзед олимпын мандат олгох ёсгүй байсан ч тэрбээр Аделия Петросянаас гадна Гүржийн залуу Ника Эгадзегийн дасгалжуулагч учир тус улсын мандатаар Миланд иржээ.

Өнөө шөнө Аделия Петросян гайхамшиг толилуулж, Оросын нэрийг өвлийн олимпод гаргах уу?

18 настай орос охин ганцаараа дэлхийн эсрэг

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн