Японы засгийн газар Украин, Палестин болон бусад газарт хэрэгжиж буй ЮНЕСКО-гийн төслүүдийг дэмжиж, санхүүгийн хандив өргөнө. Тодруулбал, тус улс 27 улс орон, бүс нутгийг дэмжих зорилгоор 1.378 тэрбум иен буюу 8.9 сая гаруй ам.долларын хандив өргөх гэж буйгаа мэдэгдлээ. Уг хөрөнгийг Украин дахь соёлын өвийг хамгаалах, Газын зурваст түр сургалтын орон зай байгуулах болон бусад төсөлд зарцуулах аж.
Энэ хүрээнд Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд Японы ЮНЕСКО-д суугаа элчин сайд Кано Такэхиро төслүүдийн жагсаалтаа танилцуулжээ.
Трампын засаг захиргаа өнгөрсөн жил АНУ-ыг ЮНЕСКО-оос гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн. АНУ нь ЮНЕСКО-ийн хамгийн том хандивлагчдын нэг байсан билээ. Трампын мэдэгдэл агентлагийн санхүүгийн байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн аж. Цаашид ч санхүүжилтээс шалтгаалаад ЮНЕСКО зарим төслөө багасгах шаардлагатай болж магадгүй байна.