С.Такаичигийн эдийн засгийн томоохон хөтөлбөрийг баталжээ

ТОКИО, 2026 оны долоодугаар сарын 23 /NHK/. Ерөнхий сайд Такаичи Санаэгийн санаачилсан анхны өргөн хүрээтэй санхүү-эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх шийдвэрийг Японы засгийн газар гаргалаа.

Хөтөлбөрийн зорилго нь хүчирхэг эдийн засгийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэхэд оршино. Хариуцлагатай бөгөөд хөхиүлэн дэмжихэд чиглэсэн уг хөтөлбөрийг мягмар гарагт сайд нар сайшаасан байна. Ерөнхий сайд Такаичи хэлэхдээ “ирээдүйд оруулах хөрөнгө оруулалтыг сааруулсан хэт хэмнэлтийн хандлагыг бид зогсоож, дотоодын хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх болно” гэлээ.

Шинэ бодлого нь стратегийн салбаруудад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихэд чиглэжээ. Тодруулбал, төр ба хувийн хэвшил хамтран 2040 он гэхэд 17 салбарт 370 их наяд иен буюу 2.26 их наяд долларын хөрөнгө оруулна. Эдгээр салбарын тоонд хиймэл оюун ухаан, бичил схем, хөлөг онгоцны үйлдвэрлэл зэрэг салбарууд багтжээ. Засгийн газрын зүгээс олон жилийн турш хийсэн төсвийн төлөвлөлтөд тулгуурлан хөрөнгө оруулалтыг хуваарилах шинэ тогтолцоог бий болгохыг зорьж байна.

Тухайлбал, улсын төсвөөс хөрөнгө оруулалт хүссэн яамдын саналд дээд хязгаарыг тогтоохгүй гэдгийг дээрх хөтөлбөрт заасан байна. Үүний зорилго нь аль болох ойрын үед эдийн засгийн бодит өсөлтийг 1 хувьд, номинал өсөлтийг 3 хувьд хүргэхэд оршино. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх харьцааг бууруулах зорилт тавьжээ. Үүний тулд өрийн өсөлтийн хурдыг эдийн засгийн өсөлтийн хурдаас доогуур байлгах шаардлагатай.

NHK агентлаг энэхүү төлөвлөгөөний бодит үр дүнгийн талаар Дайвагийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий эдийн засагч Канда Кэйжи-гээс лавлажээ. Тэрбээр хэлэхдээ “энэ бодлого амжилттай хэрэгжвэл ажилтнуудын цалин нэмэгдэж, хэрэглээ өссөнөөр эдийн засгийн таатай мөчлөг бий болно, харин санхүүгийн бодлого нь хөрөнгө оруулалтыг дэмжихгүй бол инфляц өндөр байгаа үед бодит цалин хөлс буурна” гэлээ. Эдгээр арга хэмжээний дүнд үнийг тогтворжуулж чадах уу гэдгийг Канда анхааралтай ажиглах аж.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн