ЧЭНДҮ, 2026 оны долоодугаар сарын 21 /Xinhua/. Юань Силин хэмээх 34 настай Чэндү хотын Сычуань дуурийн театрт тасалбар шалгагчаар ажилладаг. Тэрбээр тасалбар шалган, зочдыг угтан авдаг.
Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Чэндү хот нь Хятадын уламжлалт болон Сычуань дуурийг сонирхох гадаадын жуулчдыг олноор нь татдаг тул Юань өдөр бүр олон арван гадаад жуулчинтай уулздаг ажээ. Тэдэнд илүү тухтай, дотно сэтгэгдэл төрүүлэхийн тулд тэрбээр янз бүрийн хэлээр мэндчилгээ сурч, жуулчдыг төрөлх хэлээр нь угтаж эхэлсэн байна.
Юанийн гадаад хэл сурах хүсэл ахлах сургуульд байхдаа хэд хэдэн гадаад хэлийг танилцуулсан товхимлыг олж үзсэн үеэс эхтэй. Испани хөгжмийн хэмнэл, сонгодог гитарын аялгуунд татагдсан тэрбээр испани хэлийг илүүтэй сонирхох болжээ.
Хятад улс визгүй зорчих болон аялал жуулчлалыг дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлснээр тус орныг зорих олон улсын аялагчдын тоо нэмэгджээ. Тиймээс Юань гадаад хэлний мэдлэгээ зөвхөн англи, испаниар хязгаарлалгүй итали, франц, португал, орос, польш зэрэг олон хэлээр тэлж чаджээ. Анх энгийн нэгэн мэндчилгээнээс эхэлж байсан бол одоо жуулчидтай Хятадад аялж буй сэтгэгдлийнх нь талаар товч яриа дэлгэж, Чэндү хотын соёлыг танилцуулдаг болжээ.
Юанийн хувьд гадаад хэл бол соёл хоорондын гүүр юм. Зочин гийчинг төрөлх хэлээр нь угтан мэндчлэх нь тэдэнд халуун дулаан уур амьсгал бэлэглэхийн зэрэгцээ соёлоо солилцох, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээж өгдөг гэдэгт тэрбээр итгэдэг.

