ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 22 /DW/. Мягмар гаргийн орой АНУ-ын Төрийн департаментаас мэдээлснээр, тус улс хүмүүнлэгийн тусламж ачсан эхний нисэх онгоцыг Куба руу илгээжээ. Ингэснээр 100 сая долларын үнийн дүн бүхий тусламжийн багцыг хуваарилах ажиллагаа эхэллээ.
Энэ удаад Кубын 700 айл өрхөд зориулсан хүнсний бүтээгдэхүүнүүд, ариун цэврийн хэрэгслийг Catholic Relief Services гэдэг хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулан хуваарилах ажээ.
Өмнө нь Кубад “Мелисса” хар салхи шуурсны улмаас ихээхэн хохирол учирсны дараа АНУ-аас тус улсад 9 сая долларын тусламжийг хүргэхэд католик сүмийнхэн зуучлан оролцсон байна.
Дээрх 100 сая долларын тусламжийн багцын талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тавдугаар сард мэдэгдэл хийж байсан юм. Вашингтоны зүгээс санхүүгийн хориг тавих, нефтийн нийлүүлэлтийг зогсоох замаар Кубын засгийн газарт шахалт үзүүлж буй энэ үед арлын иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг хүргэлээ. Эхэндээ Кубын эрх баригчид энэхүү тусламжид эргэлзэж байсан боловч Д.Трампын засаг захиргааны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийснийхээ дараа тусламжийг хүлээн авахаар шийдвэрлэжээ.
Кубад десант буулгах хувилбар
101 дүгээр агаарын десантын дивизийн хэдэн мянган цэргийг Куба арал дээр буулгах хэд хэдэн хувилбарыг Пентагон боловсруулж байгаа тухай CBS News компани Америкийн зарим албан тушаалтнуудын ярьсныг эш татан мэдээлжээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн туршид эл төлөвлөгөөг хэлэлцэж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг гаргаагүй байна.
6 дугаар сард Батлан хамгаалахын сайд Пит Хегсет хэлэхдээ, Кубын асуудлыг хүч хэрэглэн шийдэхийг үгүйсгээгүй юм. Кубын тал Гуантанамо бааз болон Америкийн тэнгисийн цэргийн флот, Флорида муж улсын нутаг дэвсгэрт цохилт өгөхийн тулд 300 гаруй дрон худалдан авсан гэх мэдээллийг Америкийн тагнуулын албад өгсөн бөгөөд энэ нь зэвсэгт мөргөлдөөн дэгдэх шалтгаан байж болзошгүй гэдгийг сайд анхааруулж байв. Гэхдээ Пентагон Ираны эсрэг дайнд ихээхэн хүч хэрэгсэл зарцуулсан тул ойрын үед Кубын эсрэг ажиллагаа явуулах магадлал бага гэж CBS News-ийн эх сурвалжууд ярьсан байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын зүгээс Кубын зэвсэгт хүчний эзэмшилд байдаг Grupo de Administración Empresarial S.A. (GAESA) компанитай холбоотой 5 компанийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авч байгааг М.Рубио 6 дугаар сарын 23-нд мэдэгдсэн юм. GAESA компани Кубын ДНБ-ий 40 орчим хувийг хянадаг бөгөөд 14.5 тэрбум долларын хөрөнгөтэй ажээ.
Мөн Раул Кастрогийн хүү болох Кубын ҮАБЗ-ийн дарга Алехандро Кастрогийн эхнэрт хориг тавьсан байна.