Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амийг аварчээ

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 21 //. Улсын хэмжээнд он гарсаар 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар усны ослын 84 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 45 иргэний амийг аварч, 104 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.

ОБЕГ-ын мэдээлснээр, усны ослын тохиолдол Улаанбаатар хот, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Дорнод, Баян-Өлгий аймагт зонхилон бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас  50 хүн амиа алдсаны 19 нь хүүхэд байна. Амиа  алдсан иргэдийн дийлэнх нь Туул гол, Хөвсгөл нуур, Буйр нуур, Орхон голд энджээ.

Усны ослоор амиа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэй гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд, иргэд, аялагч та бүхэн аялал, зугаалгаар хол, ойрын замд зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, баталгаат зам гарцаар гарах, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар авто машинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн