НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ариун Рамадан сар эхэлж буйг тохиолдуулан дэлхийн лалын шашинтнуудад хандан, энэ сарыг оюун санааны эргэцүүлэл, залбирал, энх тайвныг эрэлхийлэх цаг үе гэдгийг онцлон тэмдэглэв.
Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр Рамадан сар “найдвар, амар амгалангийн тухай эрхэмсэг алсын хараа” авчирдаг ч сая сая хүмүүсийн хувьд энэ нь боломжгүй хэвээр байна. Афганистанаас Йемен хүртэл, Газаас Судан хүртэл, дэлхийн бусад хэсэгт хүмүүс мөргөлдөөн, өлсгөлөн, нүүлгэн шилжүүлэлт, ялгаварлан гадуурхалт болон бусад хүнд сорилтуудтай тулгарсаар байгааг Гутерриш тэмдэглэв.
НҮБ-ын тэргүүн олон улсын хамтын нийгэмлэгт хандан Рамадан сарын гол захиас болох санал зөрөлдөөнийг даван туулах, зовж шаналж буй хүмүүст туслах, хүн бүрийн эрх, нэр төрийг хамгаалахыг хичээхийг уриалав.
Гутерриш жил бүр Рамадан сарын эхээр хувийн уламжлалынхаа дагуу лалын шашинтнуудын нэгэнд очиж, эв нэгдлийн илэрхийлэл болгон мацаг барих ёслолд оролцдог тухай дурссан. “Би жил бүр Рамадангийн авчирдаг энх тайван, энэрэн нигүүлсэхүйн санаануудаас урам зориг авч буцаж ирдэг” гэж тэр хэлэв.