Дэлхийн хөрөнгийн зах зээлд AI болон хагас дамжуулагчийн хувьцааны борлуулалт гол нөлөө үзүүлжээ

Үндэсний мэдээллийн агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын Монголын дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл, эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. 

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.07.06-2026.07.19)


АНУ-ЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКСИЙН ТАЙЛАН ГАРЛАА

6-р сарын үзүүлэлтээр Хэрэглээний Үнийн Индекс 3.5% болж, таамаг (3.8%)-аас бага гарлаа. Гэсэн ч  сайжралтын дийлэнх нь Ирантай гал зогсоох хэлэлцээрийн үеэр бензин хямдарсантай холбоотой түр зуурын үзэгдэлд тооцогдож байна.

Бензиний үнэ долоо хоногийн хугацаанд нэг галлон нь 3.79 ам.доллароос 3.86 ам.доллар болж өссөн нь 7-р сарын инфляцын үзүүлэлтэд дахин өсөх дарамт үүсгэж болзошгүй юм.

Хүнс, эрчим хүчний үнийг хассан үндсэн инфляц 2.6% болж бага зэрэг буурсан ч Холбооны нөөцийн сангийн 2%-ийн зорилтот түвшнээс дээгүүр хэвээр байна. Мөн автомашины даатгал, тамхины үнэ зэрэг зарим үзүүлэлтийн бууралт нь тогтвортой чиг хандлага гэхээсээ илүү түр зуурын хэлбэлзэл байж болзошгүй гэж эдийн засагчид үзэж байна.

Хүүгийн бодлогын хувьд Холбооны нөөцийн сан энэ сард бодлогын хүүгээ 3.50%–3.75%-ийн түвшинд хэвээр хадгална гэсэн хүлээлт давамгайлж байна. Харин геополитикийн зөрчилдөөнөөс үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт инфляцын дарамтыг нэмэгдүүлж болзошгүй тул зах зээл 9-р сард хүүгийн өсөлт үргэлжлэх магадлалыг ойролцоогоор 60% гэж үнэлжээ. Иймээс инфляцын дарамт бүрэн арилаагүй бөгөөд 7-р сард инфляц дахин өсөх эрсдэлтэй байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨСӨЛТИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛД ЭРГЭЛЗЭЭ НЭМЭГДЭВ

2026 оны 7-р сарын 7-нд хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухаантай холбоотой технологи, хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хувьцааны огцом өсөлт цаашид тогтвортой үргэлжлэх эсэх эргэлзээ дагуулж салбарын зах зээлийн хүлээлт суларлаа.

Samsung Electronics компанийн хоёрдугаар улирлын үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс 19 дахин өсөж, 89.4 их наяд вонд хүрэхээр байсан ч энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн оронд хиймэл оюун ухаантай холбоотой чипийн эрэлт цаашид тогтвортой байх эсэх талаарх болгоомжлолыг нэмэгдүүлсэн байна.

Хөрөнгө оруулагчид санах ойн чип зэрэг гол бүрэлдэхүүн хэсгийн нийлүүлэлтийн хязгаарлалт буурвал хиймэл оюун ухааны чипийн эрэлт болон үйлдвэрлэгчдийн ашигт ажиллагааны өсөлт саарах эрсдэлтэй гэж үзжээ. Мөн Хятадын DeepSeek өөрийн хиймэл оюун ухааны чипийг хөгжүүлж байгаа талаарх мэдээлэл нь томоохон чип үйлдвэрлэгчдийн ирээдүйн эрэлтэд нэмэлт эргэлзээ үүсгэв.

Хиймэл оюун ухааны салбарын өндөр үнэлгээ болон өсөлтийн хүлээлтэд эргэлзээ нэмэгдэх нь хөгжиж буй зах зээлийн хувьцаа, бонд зэрэг эрсдэл өндөртэй хөрөнгөд чиглэх хөрөнгө оруулалтын сонирхлыг бууруулах боломжтой.

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм

7-р сарын 6–17-ны хооронд дэлхийн хөрөнгийн зах зээлд AI болон хагас дамжуулагчийн хувьцааны борлуулалт голлон нөлөөллөө. AI салбарын өндөр үнэлгээ, хөрөнгө оруулалтын өгөөжийн талаарх болгоомжлол нэмэгдсэнээр технологийн хувьцаанд дарамт үүсэж, хөрөнгө оруулагчид хамгаалалтын болон уламжлалт салбарууд руу шилжих хандлага ажиглагджээ.

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

S&P 500: -0.17%      

Dow Jones: +1.33%

Nasdaq: -3.46%

АНУ-ын хөрөнгийн зах зээлд индексүүдийн гүйцэтгэл ялгаатай байлаа. Nasdaq-ийн бууралт нь AI болон хагас дамжуулагчийн хувьцаанд чиглэсэн борлуулалт болон хөрөнгө оруулагчид AI-ийн өсөлтийг дэмжиж буй их хэмжээний хөрөнгө оруулалтын өгөөж, үнэлгээний тогтвортой байдалд болгоомжлох болсонтой холбоотой. Үүнээс шалтгаалан технологийн салбараас хөрөнгө шилжсэнээр Dow Jones харьцангуй эерэг гүйцэтгэл үзүүлсэн байна.

ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

FTSE 100: -0.73%

STOXX Europe 600: -1.73%

DAX 40: -3.80%

CAC 40: -2.13%

Европын хөрөнгийн зах зээлүүд мөн бууралттай байв. Дэлхийн хэмжээнд хагас дамжуулагч болон Европын томоохон компаниудын технологийн салбартай холбоотой хувьцаанд үзүүлсэн дарамт болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвт үүссэн тодорхойгүй байдал нь зах зээлийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөв.

АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Nikkei 225: -8.34%

KOSPI: -16.69%

CSI 300: -6.97%

SSEC: -7.27%

Азийн хөрөнгийн зах зээлүүд хамгийн хүчтэй бууралт үзүүллээ. Ялангуяа Өмнөд Солонгосын KOSPI индексийн огцом уналтад AI болон хагас дамжуулагчийн хувьцааны борлуулалт, мөн хөшүүрэг ашигласан арилжааны байр суурийн бууралт нөлөөлөв. Япон болон Хятадын зах зээлүүд мөн дэлхийн технологийн хувьцааны сулрал, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил багассаны нөлөөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Дэлхийн хөрөнгийн зах зээлд AI болон хагас дамжуулагчийн хувьцааны борлуулалт гол нөлөө үзүүлжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн