Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэргийн 104, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100 жилийн ой, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны 60 жил, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр”-ийн өнөөдөр тохиож байна.

Энэ хүрээнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа.

Хурлыг нээж Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд нар нийт бие бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Ардын Засгийн газрын 1921 оны долоодугаар сарын 19-ний өдрийн хурлаар цагдаагийн асуудлыг хэлэлцээд Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулан, “Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болж, хөгжлийнхөө нэгэн шинэ үеийг эхлүүлжээ.

Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бие даасан 939 хуулиас цагдаа, дотоодын цэргийн байгууллага 123 хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой Улсын Их Хурал, Засгийн газар, Салбарын сайдын дангаар болон хамтран баталсан 215 тогтоол, шийдвэр, эрх зүйн актыг хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлдэг, 12 мянган алба хаагчтай, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн тусгай алба болон хөгжсөн байна. 

Түүхэн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын дундаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 2, Тэргүүн зэргийн одон-Чингис хаан одонт 1, Ардын багш 1, Гавьяат зүтгэлтэн 2, Генерал цолтон 22, Гавьяат хуульч 42, Үйлчилгээний гавьяат ажилтан 10, Гавьяат тээвэрчин 2, Гавьяат дасгалжуулагч 3, Гавьяат тамирчин 7, Хүний гавьяат эмч 2, Гавьяат жүжигчин 2 төрөн гарчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн