“Дэлхийн адууны өдөр”-ийн арга хэмжээ Хүй долоон худагт болж байна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны олон улсын баярын албан ёсны арга хэмжээ өнөөдөр Хүй долоон худагт болж байна.

“Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан ёсоор нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч хүн төрөлхтний ахуй амьдрал, соёл иргэншил, хөгжил дэвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн адуу хийгээд түүнийг дагаж хөгжсөн өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, судлан хөгжүүлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2025 онд “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей хэлэлцэн баталж, дэлхий нийтээрээ Үндэсний их баяр наадмаар “Дэлхийн адууны өдөр”-ийг албан ёсоор тэмдэглэж байна. 

Хүн төрөлхтний амьдрал, аж ахуй, соёлын түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг хүлээн зөвшөөрч “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай Монгол Улсын санаачилгад хамтран зохиогчоор нэгдсэн, дэмжсэн улс орнуудад Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Адуу болон адууны аж ахуйн эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх, адууны өв соёлыг хадгалан хамгаалах, мэдлэг, мэдээлэл, сайн туршлагаас хуваалцах, хамтын ажиллагааг дэмжихэд “Дэлхийн адууны өдөр” нэн ач холбогдолтой байх болно хэмээн онцоллоо.  

Монголчуудын мянга, мянган жилийн турш өвлөн тээж ирсэн адууны соёл, нүүдэлчдийн ахуй, хүн, адуу хоёрын салшгүй холбоог дэлхий дахинд таниулах  “Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд урлаг, спортын олон арга хэмжээ олон нийтэд нээлттэй болох юм.

"Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээ Хүй долоон худагт болж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн