Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Манай Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Эрхэм хүндэт наадамчид аа,
Нар хур тэгширч, наадамчин түмэн цэнгэн наадсан дэлгэр зуны энэ сайхан өдрүүдэд монголчууд бид төрт ёс, түмэн олны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ.
Эх түүхийг амилуулдаг хурдан хүлгийн төвөргөөн, ид хавыг өргөдөг хүчит бөхийн шаваа, эв эеийг хурайлдаг эрчит сумны уухайн дор монгол түмэн хөх тэнгэрийнхээ энгээр хийморь сүлдээ бадрааж, хөрст газрынхаа дайгаар сэтгэл оюунаа баясгаж хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.
Миний монголын ард иргэд ээ,
Наадмын маргааш намар ирдэг нь эх байгалийн жам, эргэх цагийн ёсон билээ.
Цагийн аяс, улирлын жамтай ахуй амьдрал, ажил үйлсээ зохицуулж өвлийг өнтэй, хаврыг хавтай давах бэлтгэлээ эртнээс базааж, улс Монголынхоо хөгжил дэвшлийн төлөө төр, засаг, түмэн олноороо хичээнгүйлэн зүтгэцгээе.
Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдогийг санаж, нэг монгол, нэг гэр бүл гэдгээ ямагт ухамсарлан, холыг харж, гүнийг сэтгэн, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, хотол түмнээрээ энх амгалан амьдрах учиртай.
Аргамаг хүлгүүд нь хурдтай, аварга бөхчүүд нь хүчтэй, эрэмгий харваачид нь цэцтэй, хотол олноороо бахдалтай, өндөр төр, өргөн түмний их баяр цэнгэл–Үндэсний их баяр наадам ийнхүү ёслол төгөлдөр өндөрлөж байна.
Монгол наадам өнө мөнхөд оршиж, зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.