УЛААНБААТАР, 2026 оны долоодугаар сарын 11 /Аljazeera/. Дэлхийн 150 улсын 2 тэрбум хүнд мэдээллээ хүргэдэг “Al Jazeera” суваг энэ амралтын өдрүүдэд тохиож буй “Дэлхийн адууны өдөр” -ийг онцолсныг хүргэж байна.
Монгол хүн, адуу хоёр үгээр илэрхийлэхийн аргагүй гүн гүнзгий холбоотой. Монгол орныг морьгүйгээр төсөөлөхөд бэрх. Монгол хүүхэд алхаж сурмагцаа л морь унаж сурдаг. Тэд таван наснаасаа эхлэн хэдэн арван километр үргэлжлэх ширүүн уралдаанд хурдан морь унаж хүч сорьдог билээ.
Уудам тал нутагт нь таван сая орчим адуу бэлчээрлэж байдаг нь 3.5 сая гаруй хүн амаас нь хавьгүй олон юм. Монголчууд адууг уналга эдэлгээнд төдийгүй ан гөрөө, мал ахуй, уралдаан тэмцээнд ашиглаж ирсэн. Эрт цагт дайн тулааны гол хүч нь ч морь байлаа. Хэрэв адуу байгаагүй бол Их эзэн Чингис хааны цэргийн суу билиг дэлхийд танигдахгүй, Монголын эзэнт гүрэн ч түүхэнд мандахгүй байсан биз ээ. Монголыг дурсахад хамгийн түрүүнд адуу санаанд ордог нь ч учиртай. Адуу бол Монголын соёлын салшгүй амин сүнс юм.
Ийм ч учраас Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын шинэ бөгөөд улам бүр түгэн дэлгэрч буй уламжлал болох “Дэлхийн адууны өдөр”-ийг бий болгох үйл хэрэгт тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн нь огтхон ч гайхах зүйл биш ээ. Энэхүү санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэвшүүлж, өнгөрсөн оны зургаадугаар сард НҮБ-д тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн билээ.
“Дэлхийн адууны өдөр нь хүн төрөлхтний өнгөрсөн болон өнөө цагийн ахуй амьдралд гүйцэтгэж буй адууны асар их үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжилд адуу болон адууны аж ахуйг дэмжих бодит үйл ажиллагааг өргөжүүлэх, мөн адууны соёл, бэлчээр ба нүүдэлчдийн өв уламжлалыг хамгаалахыг уриалах томоохон индэр болно” хэмээн У.Хүрэлсүх онцолж байв.
Энэ үгс үнэхээр утга учиртай. Өнөөдөр дэлхий даяар 57 сая гаруй ажлын болон уналгын адуу байдаг бөгөөд эрс тэс уур амьсгалтай, өргөн уудам нутагтай бүс нутгуудад, тухайлбал Монгол зэрэг оронд гүйцэтгэх үүрэг нь хэмжээлшгүй их хэвээр байна. Монголчууд мөн адуу экспортлохтой холбоотой асуудалд ч олон улсын анхаарлыг хандуулахыг зорьжээ.
Хятад, Мексик, Бразил, Аргентин, АНУ зэрэг улс мөн олон адуутай. Гэвч хөдөө аж ахуйн механикжуулалт эрчимжихийн хэрээр адууны тоо дэлхий даяар буурсаар байна. Иймээс ямар үүлдрийн адуу устах аюулд өртөөд байгааг, аль нь хэдийнэ устаж үгүй болсныг тодорхойлохын тулд илүү өргөн хүрээний мэдээлэл цуглуулах ажил өрнөж байна.
Энэ зорилгын хүрээнд дэлхий нийтийн анхаарлыг адууны үнэ цэн, түүнийг хамгаалахад төвлөрүүлэхийн тулд Дэлхийн адууны анхны өдрийг 2025 оны долоодугаар сарын 11-нд тэмдэглэсэн бол хоёр дахь удаагийн тэмдэглэлт өдөр энэ амралтын өдрүүдэд тохиож байна.
Мэдээж хэрэг, монголчууд энэ баярыг өөрсдийн өнгө төрхөөр, өргөн дэлгэр тэмдэглэнэ. Учир нь энэ өдөр үндэсний их баяр наадамтай давхацдаг. Наадам нь морь уралдах, бөх барилдах, сур харвах гэсэн эрийн гурван наадмыг алдаршуулдаг үндэсний баяр юм.
Мөн XIII зууны өртөөчдийн түүхээс санаа авсан олон улсын холын зайн морин уралдаан болох Монгол Дерби уралдаан болно. Энэхүү уралдаан нь тэсвэр хатуужил, овсгоо самбаа, морьтон хүний ур чадварыг дээд хязгаарт нь сорьдог жинхэнэ сорилт билээ.
Үүнээс гадна, морин спорт сонирхогчдод зориулсан олон үйл ажиллагаа, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчид оролцох Дэлхийн адууны соёлын форум болно. Форумын үеэр морин спорт, аялал жуулчлал, соёл, инновац, хөрөнгө оруулалт, бодлого зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэх юм. Харин “Al Jazeera” телевиз энэхүү үйл явдлыг цахим хуудас болон сошиал сувгуудаараа дэлхий дахинд шууд хүргэн мэдээлэхээр ажиллаж байна.
Адууны сайн сайхны төлөөх энэхүү дэлхий нийтийн хөдөлгөөнөөс хамгийн их баярласан хүн бол яах аргагүй Батхүүгийн Наранбадрах буюу олон нийтэд Нарра нэрээр танигдсан эрхэм юм. Түүнийг “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачлагчдын нэгд зүй ёсоор тооцдог.

Нарра хайхрамжгүй орхигдсон адууг аварч, сэргээн сувилж, морь хүний амьдралыг хэрхэн өөрчилж чаддаг тухайгаа түгээснээрээ Монголд төдийгүй олон улсад танигдсан. Түүний итгэл үнэмшлээр адуу бол эдгээх хүч, өв соёл, энх тайвны бэлгэ тэмдэг юм.
Түүний эхлүүлсэн энэ үйлс өнөөдөр дэлхийн 56 улсын дэмжлэгийг аваад байна. Австри, Бахрейн, Бразил, БНСУ, БНХАУ, Венесуэл, Катар, Лесото, Марокко, ОХУ, Португал, Герман, Тайланд, Турк, Япон, Киргиз, Казахстан, Туркменистан, Узбекистан, Тажикистан зэрэг олон улс энэ санаачилгыг дэмжжээ.
Тэртээ хэдэн зууны өмнө Марко Поло зэрэг нэрт аялагчдыг Хубилай хааны ордонд бишрүүлж, Монголыг дэлхийн тавцанд гаргаж байсан тэрхүү соёлын өв уламжлал өдгөө XXI зууны шинэ үнэт зүйлсийг өөртөө шингээн, дэлхий даяарх адууны төлөөх нэгдсэн дуу хоолой болон цуурайтаж байна.