Баяр, наадмын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас үер, усны осол, гал түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, урьдчилан сэргийлэх нэгдсэн мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Л.Баярмагнай нар оролцов.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням “Улсын хэмжээнд 2021-2025 онд үерийн 301 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 5941 хүний амь насыг авран хамгаалж, нүүлгэн шилжүүлсэн. Үерийн улмаас 25 хүн амь насаа алдаж, 13665 толгой мал хорогдож, 1471 гэр байшин эвдэрч, 48.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар үерийн 11 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Баян-Өлгий, Сэлэнгэ аймаг болон нийслэлд олон тооны айл өрх, аж ахуйн нэгж өртсөн гурван удаагийн томоохон үер боллоо. Тухайлбал, нийслэлд хоёр хоногийн өмнө орсон борооны улмаас гудамж, нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны зоорийн давхар усанд автсан тухай 36 дуудлага, мэдээлэл ирсний дагуу Онцгой байдлын байгууллага, алба мэргэжлийн анги хамтран үерийн усыг соруулж зайлуулах, далан шуудуу татах, халдваргүйжүүлсэн. Улсын хэмжээнд үерийн их болон маш их эрсдэлтэй бүсэд 175 мянган өрхийн 642 мянган хүн ам оршин сууж байна. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2026 оны 07 дугаар сарын 10-19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана” гэлээ.

Харин ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Улсын хэмжээнд он гарсаар обьектын гал түймрийн 2237 тохиолдол бүртгэгдэж, 37 иргэн аварч, утаажилтын бүсээс 2481 иргэнийг эсэн мэнд гаргасан. Обьектын гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 18.6 хувиар буурсан бол гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 20.5 хувиар өссөн байна. Сүүлийн гурван жилд Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд обьектын гал түймрийн 223, ой, хээрийн гал түймрийн 39 дуудлага мэдээлэл бүтгэгдлээ. Иймд баяр, наадмын амралтын өдрүүдэд ой, хээрийн болон обьектын гал түймрээс урьдчилан сэргийлж, хүн бүр галын аюулгүй байдлыг хангаж, соноор сэрэмжтэй байхыг зөвлөж байна” хэмээн ярилаа.

Тэгвэл Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа “Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 13 аймгийн 32 сум, нийслэлийн гурван дүүрэгт усны ослын 58 тохиолдол бүртгэгдэж 34 иргэн амь насаа алдсаны 15 нь хүүхэд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 38.1, амь насаа алдсан хүний тоо 25.9 хувиар өссөн үзүүлэлт. Өнгөрсөн оны улсын баяр наадмын амралтын 8 хоногийн хугацаанд 15 иргэн усны ослоор амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Үер, усны ослын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Бүү бас” нөлөөллийн аяныг өнгөрсөн сараас эхлэн гурван сарын хугацаанд орон даяар өрнүүлж байна. Тиймээс гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэд та бүхэн стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.

Түүнчлэн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Л.Баярмагнай “Хүүхдийн аливаа осолд эндэж байгаа дийлэнх шалтгаан нь эцэг, эх, асран хамгаалагчдын хараа, хяналтгүй байдлаас шууд хамааралтай байна. Хүүхдүүд ихэвчлэн усанд эндэх, түлэгдэх, төөрөх, сураггүй алга болох, унаж гэмтэх осол, наранд цохиулах, нарших, хоолны хордлогоос болж эндэж бас өвчилж байна. Тиймээс баяр, наадмын амралтын өдрүүдэд хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлж, аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөе” гэв.
Наадмын өдрүүдэд бороо ихтэй байх бөгөөд түүнийг дагаад гол усны хэмжээ нэмэгддэг. Тиймээс голын ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.