Хятадын төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээнд хүрсэн нь ирэх хэдэн 10 жилд эдийн засгийн томоохон цочрол гарах вий гэсэн айдсыг улам бүр нэмэгдүүлж байна. Хүн ам зүйн хямрал нүүрлэхийн хэрээр тус улсын хөдөлмөрийн насны хүн ам цөөрч, тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж буй. Эрх баригчид хямралын шийдэл болгож бэлэн мөнгө тараах, татварын хөнгөлөлт үзүүлэх, гэрлэлтийн шинэ дүрэм гаргах зэрэг арга хэмжээг танилцуулсан. Гэсэн ч энэ мэт хүчин чармайлт нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгааг сүүлийн үеийн тайлангаас бэлээхэн харж болох юм.
Тэгвэл Хятадын эрх баригчид робот болон автоматжуулалтыг хүн ам зүйн хямралын шинэ шийдэл гэж харж байна.
Хятад улс сүүлийн жилүүдэд өндөр технологижсон хүчирхэг гүрэн болохоор зорьж буй. Энэ хүрээнд үйлдвэрлэлийн салбарыг шинэчлэх, автоматжуулах ажил эрчимтэй өрнөж байна. Үүнтэй зэрэгцээд хүн амын тэнцвэрийг сэргээх оролдлого ч яаруу сандруу явцтай байна.
Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хүн ам зүйн мэргэжилтэн Стюарт Гитель-Бастен “Хэрвээ Хятад улс 20-30 жилдээ яг энэ хэвээрээ байвал хүн амын систем болон эдийн засгийн систем хоорондын зөрүүгээс болж асар том хямрал гарах болно” гэжээ.
Автоматжуулалт болон хиймэл оюун ухаанаар зохицуулалт хийж чадвал эдийн засгийн өсөлт, хүн ам зүйн хямрал гэсэн хоёр асуудлыг хадан хясаанаас унагаалгүй шийдэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мэдээж хүмүүсийг ажлын байргүй болгож, ажил эрхлэлтийн мөн чанарыг өөрчлөх өндөр технологийн шилжилт нь дэлхийн тэргүүлэгч эдийн засгийн хувьд хүндхэн сорилт. Хятад бол өргөн цар хүрээтэй ажиллах хүчнийхээ ачаар хэдэн 10 жилийн өсөлтийг бий болгосон улс.
РОБОТЫН ХУВЬСГАЛ
Хятад улс дэлхийн роботын зах зээлд хэдийнэ тэргүүлэх байр суурь эзэлсэн. Олон улсын робот техникийн холбооноос мэдээлснээр, 2024 онд дэлхий даяар суурилуулсан бүх роботын талаас илүү хувийг Хятад эзэлж байна. Улс даяарх “харанхуй” үйлдвэрүүдэд роботууд бараа бүтээгдэхүүнийг гагнах, будах, угсрах ажлыг гүйцэтгэж байна. Тэдгээр үйлдвэрт бүх зүйл автоматжиж, хүний нүдэнд зориулж гэрэл ч асаах шаардлагагүй байдаг тул “харанхуй” гэж нэрлэдэг.
Хятадын өндөр түвшинд автоматжсан үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн цахилгаан тээврийн хэрэгсэл, нарны хавтангуудыг их хэмжээгээр, хямд үнээр үйлдвэрлэх боломжтой.
Үүний зэрэгцээ тус улс хүн дүрст роботуудад ихээхэн найдлага тавьж байна. Хятадад 140 гаруй компани засгийн газрын татаастайгаар эдгээр роботуудыг хөгжүүлж байна. Улс орны амбицыг илэрхийлэх тэдгээр робот телевизийн тусгай нэвтрүүлгүүдэд бүжиглэж, спорт тэмцээнд хүртэл оролцох болсон.
Мөн угсралтын шугамууд, ложистикийн төвүүд болон шинжлэх ухааны лабораторид ч хүн дүрст роботуудыг туршиж үзэж байна. Ачаа тээвэр, ангилалт, чанарын хяналт зэрэг ажлыг хүний бүтээмжтэй дүйцэхүйц чадварлагаар роботууд гүйцэтгэж байгааг хөгжүүлэгчид нь хэлж буй.
Хятад улс 2015 онд “Хятадад үйлдвэрлэв 2025” төлөвлөгөөгөө танилцуулсан. Тодруулбал, олон 10 жил маргаан дагуулсан “Нэг хүүхэд”-ийн бодлогоо цуцалсны дараа тус төлөвлөгөөг танилцуулсан юм. Хүн амын тоо буурсан ч автоматжуулалт, хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээмжийг тасралтгүй нэмэгдүүлэх үндсэн агуулга энд багтжээ.
ХӨГШИРЧ БУЙ ХҮН АМ
Роботууд хүн ам зүйн хямралыг шийдвэрлэх алсын хараанд албан ёсоор багтсан гэдгийг энд дурдах нь зүйтэй. Өнөөдөр Хятадын хүн амын 23 хувийг 60-аас дээш насныхан эзэлж буй. Энэ үзүүлэлт 2100 он гэхэд 50 хувь давах магадлалтай юм. Тэгвэл роботууд өтөл насныхныг асран хамгаалах үүргийг гүйцэтгээд эхэлжээ.
“Нэг хүүхэд” бодлогын балагаар өвгөд хөгшид асарч тэтгэх, ачаа үүрэлцэх олон хүүхэдгүй болсон. Тиймээс тэднийг асрах системийг шийдвэрлэх яаралтай хэрэгцээ Хятадад тулгарчээ. Үүний засгийн газраас албажуулан тогтоож, ахмад настнуудын асрамжийг сайжруулахын тулд хүн дүрст робот, хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх, мөн бие махбодийн үйл ажиллагаа нь буурч буй ахмад настнуудад туслах технологиудыг хөгжүүлэхийг уриалжээ.
Өөр нэг санаа зовоосон асуудал бол төрийн дэмжлэгтэй тэтгэврийн тогтолцоо юм. Хятадын олон ахмад настан тэтгэвэрт түшиглэн амьдарч байгаа ч тэтгэврийн данс улайхад ойрхон байгааг сануулсаар байгаа билээ.
“Энэ асуудалд технологийн дэвшил ба хүн амын насжилтын хоорондын уралдаан нөлөөлж магадгүй” гэж “Economist Intelligence Unit”-ийн Хятад судлаач Тяньзэн Сюй хэлжээ. Түүний тайлбарласнаар хүн ам хөгширч байгаа ч, технологи илүү хурдан хөгжвөл тэтгэврийн систем дампуурахгүй байж болно.
Гэхдээ энэ уралдаан 2070 он хүртэл л Хятадад давуу байдал олгож магадгүй аж. Үүнээс цааш ажиллах хүчний бууралт нь бүтээмжийн өсөлтөөс илүү хурдтай болох төлөвтэй байна.
Аливаа улс орныг илүү бүтээмжтэй болгохын тулд илүү олон хүнийг ажлын байртай болгох шаардлагагүй. Эсрэгээрээ цөөн хүн ахиу бүтээмжтэй байхыг амжилт гэнэ. Хятад улсад ажил эрхлэлтийн түвшин салбарт бүрт харилцан адилгүй байгаа. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, хиймэл оюун ухаан, робот технологи нь Хятадын үйлдвэрлэлийн салбарын 70 орчим хувьд нөлөөлж болзошгүй байна.
Эцэст нь дүгнэхэд, роботжуулалт нь хүнгүй болсон эдийн засгийг хөдөлгөөнд оруулж, цөөн хүнийг илүү бүтээмжтэй болгон, тэтгэврийн дарамтыг багасгах замаар хүн ам зүйн хямралыг зөөлрүүлнэ гэж үзэж байна.