Сагсан бөмбөгийн хөгжөөн дэмжигчид оновчтой шидэлтээс илүүтэйгээр бөмбөг залах, хамгаалагчаа хуурах урлагийг биширдэг. Хүмүүс зүгээр л механик шидэлт бус, жинхэнэ шоу, гайхалтай үзүүлбэр харахыг хүсдэг. Тиймээс өнөө цагийн шилдэг бөмбөг залалттай тамирчдыг танилцуулъя.
Кайри Ирвинг

NBA-д дебют хийснээс нь хойш бараг 15 жил өнгөрсөн ч түүний залалтууд, хөдөлгөөнүүд одоо хүртэл судлагдсаар байна. Түүний тоглолт бол мянга давтсан хөдөлгөөн биш, цэвэр импровизаци, төгс гүйцэтгэл. Кайри бол нэгэн цагт Аллен Айверсоны үзүүлсэн түвшинд хамгийн ойртож чадсан тоглогч.
Түүний кроссовер, хууралт бүрт бөмбөг гарт нь наалдсан мэт санагдана. Талбайн гаднах амьдралынх нь талаар янз бүрийн яриа байдаг ч талбай дээр тэр өөрийн ертөнцдөө байдаг. “Uncle Drew” дүрээр бүтээсэн бичлэгүүд нь асар алдартай болсон нь ч санамсаргүй зүйл биш. Зодог тайлсан ч түүний хөдөлгөөн өрсөлдөгчдийнхөө шагайг “мултлах” хэмжээний хэвээр байх нь гарцаагүй.
Стефен Карри

Карри бол зөвхөн холын зайн шидэлтээр хязгаарлагдах тоглогч биш. Түүний хувьд бөмбөг залалт бол гайхуулах хэрэгсэл бус, мэс заслын нарийн багаж шиг зүйл. Удахгүй 38 нас хүрэх ч тэр урьдын адил хөнгөн, уян хөдөлгөөнтэй хэвээр.
Тэр ямар ч хөдөлгөөн хийсэн ч бай, өрсөлдөгч нь эцэстээ тэнцвэрээ алдана. Хэдхэн хором ч байсан хангалттай.
Де’Аарон Фокс

Спөрсийн холбон тоглогч өөрийгөө лигийн хамгийн хурдан нь гэж олонтаа хэлсэн. Үүнтэй маргах хүн цөөн. Илүү гайхалтай нь тэр ийм хурдтай үедээ бөмбөгийг төгс эзэмшиж чаддаг. Де’Ароны түрэмгий тоглолт нь түүнийг дахин дахин оноо авахад хүргэдэг.
Тэр гурван түвшинд оноо авах чадвартай. Будагтай талбай руу дайрах, зайнаас шидэх, багийнхандаа оноо авах боломжийг бүрдүүлэх. Хурдан довтолгооны үеэр чиглэлээ огцом өөрчлөхийг нь харахад “Фокс” буюу үнэгийг санагдуулна. Энэ “үнэг”-ийг агнах нь хамгаалагчдад ч амаргүй.
Шей Гилжес-Александер

Түүний хуурмаг хөдөлгөөнүүд ер бусын үр дүнтэй. Шай тэсрэх хурд бус, гайхалтай “smooth” хөдөлгөөнөөрөө ялгардаг. Тэр өөрийн хэмнэлээр тоглодог. Удаан мэт боловч хамгаалагч анзаарах мөчид тэр аль хэдийн шийдэн дор оччихсон байдаг. Урт алхалт, огцом чиглэлээ өөрчлөх, гайхамшигтай тэнцвэр. Энэ бүхэн түүний давуу тал.
2025 оны NBA финалын MVP-д шүүлт түүний талд байдаг гэж өрсөлдөгчид нь гомдоллох үе бий. Гэвч тэд нэг зүйлийг мартдаг. Шай хамгаалалтын хамгийн өчүүхэн зайгаар ч шургаж чадна. Түүний жижиг хөдөлгөөнүүд өрсөлдөгчдийг төөрөгдүүлдэг.
Ламело Болл

ЛаМело Боллыг NBA-д ч, гудамжны талбай дээр ч тоглож буйгаар төсөөлөхөд амархан. Тэр зүүн гартай төрсөн ч аав нь хөвгүүдээ NBA-д амжилт гаргана гэж мөрөөдөж, баруун гартай болгож дасгалжуулсан гэдэг. Энэ нь түүнийг улам урьдчилан таахад бэрх болгосон.
2025 онд тэр Бүх оддын санал хураалтаар Дорнод бүсийн хамгаалагчдын дунд тэргүүлж байсан. 2026 онд санал хураалтын систем өөрчлөгдөж, Дорнодод нийт дүнгээрээ 13-т бичигдсэн. Улирлын бараг дөрөвний нэгийг өнжсөн ч энэ бол чамлахааргүй амжилт. Бараг довтолгоо бүрийг “highlight” болгодог, бүжиглэж буй мэт харагддаг тоглогч үргэлж фэнүүдийн хайртай хэвээр байх болно.