ГАЗА, 2026 оны долоодугаар сарын 7 /Kazinform/. Палестины ХАМАС хөдөлгөөн дайны дараах зохицуулалтын тухай АНУ-ын дэмжсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд Газын зурвас дахь өөрийн засгийн газрыг тарааж байгаагаа зарлалаа.
Тодруулбал, тус хөдөлгөөн Газын зурвас дахь гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, арав гаруй жилийн турш ажилласан засгийн газрын “Онцгой байдлын хороо”-г татан буулгасан байна. Энэ талаар даваа гарагт Газа хотод болсон хэвлэлийн хурлын үеэр ХАМАС-ын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Исмаил ас-Савабта мэдээлжээ.
Энэхүү шийдвэрийг Газын зурвасыг удирдах үндэсний хороонд засаг захиргааны эрх мэдлийг шилжүүлэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор гаргасан байна. Уг хороог АНУ-ын дэмжсэн энхийн төлөвлөгөөний дагуу байгуулсан байна.
Ас-Савабтагийн хэлснээр, яамд болон өмнө нь томилогдсон төрийн албан хаагчид ердийн горимоор үргэлжлүүлэн ажиллах бөгөөд Үндэсний хорооны удирдлага дор үүргээ гүйцэтгэхэд бэлэн байгаа аж. Үүний зэрэгцээ ХАМАС өөрийн хяналтад үлдэж буй Газын зурвасын бүс нутгуудад аюулгүй байдлыг хангах болон цагдаагийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хянана гэдгийг тэрбээр дурджээ.
Үндэсний хорооны дарга Али Шаат мэдэгдэхдээ, Палестины 15 мэргэжилтнээс бүрдсэн тус хороо шаардлагатай нөхцөл бүрдмэгц ажилдаа ороход бүрэн бэлэн байна гэжээ. Түүнчлэн шинэ байгууллагын үйл ажиллагааг амжилттай явуулахын тулд “нэгдсэн засаглал, нэгдсэн хууль, тухайн засаглалд захирагдах нэгдсэн зэвсэгт хүчин” байх шаардлагатайг тэрбээр онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас байгуулсан, энхийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж буй Энх тайвны зөвлөл (Board of Peace) ХАМАС-ын энэхүү мэдэгдлийг сайшаасан ч эрх мэдэл шилжүүлэх үйл явцыг “амлалтаар нь биш, бодит үйлдлээр нь” дүгнэнэ гэдгээ цохон тэмдэглэжээ.
Израилын эрх баригчид ХАМАС-ын шийдвэрт хараахан албан ёсны тайлбар өгөөгүй байна. Өмнө нь Палестины тал Израилыг гал зогсоох дэглэмийг зөрчсөн, мөн ХАМАС зэвсгээ хураалгасны хариуд Газын зурвасаас Израилын цэргийг гаргахаар тусгасан энхийн төлөвлөгөөний бусад заалтыг биелүүлээгүй гэж буруутгажээ.
Харин Израилын эрх баригчид өөрийн байгуулсан жийргэвч бүсээс цэргээ гаргах бодолгүй байгаагаа, мөн аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзсэн объектууддаа цохилт өгсөөр байх болно гэж мэдэгдсээр байгаа юм.
“The Times of Israel” сонинд болон “Reuters” агентлагийн мэдээлснээр, ХАМАС-ын засгийн газрыг тараасан үйл явдал нь ерөнхийдөө бэлгэдлийн шинж чанартай бөгөөд Газын зурвасын иргэний удирдлагыг Үндэсний хороонд шилжүүлэхэд бэлэн байгаагаа харуулах зорилготой аж. Гэвч ХАМАС зэвсгээ хураалгах болон гал зогсоох дэглэмийн нөхцөлийг биелүүлэхтэй холбоотой асуудлаар талууд санал зөрөлдсөний улмаас энэ үйл явц гацаанд орсон хэвээр байна.