ДАШТ-2026: Испаничууд Австрийн багийг хожиж, 1/8 шигшээд шалгарлаа

ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 3 /TASS/. Испанийн хөл бөмбөгийн шигшээ баг Австрийн багийг 3:0 харьцаагаар төвөггүй хожиж, Мексик, АНУ, Канадад болж буй 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) 1/8 шигшээ шатанд шалгарлаа. 

Уг тоглолт АНУ-ын Калифорни муж улсын Инглвүүд хотод боллоо. Европ тивийн аварга Испанийн шигшээ Австрийн багт ямар ч боломж олгосонгүй. Тоглолтын явцыг статистик үзүүлэлтүүд ч тод харууллаа. Испаничуудын хийх гоолын магадлал 2.84 байсан бол австричуудынх 0.34 байв.

Тоглолтын 29 дэх минутад Шведийн ерөнхий шүүгч Гленн Нюберг Кукурельягийн гоолыг тооцсонгүй. 18 настай Ламин Ямалийн дамжуулалтын дараа хамгаалагч Пау Кубарси, хагас хамгаалагч Родри нар хаалгач Александр Шлагерт саад болсон гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч 36 дахь минутад Кукурельягийн дамжуулалтаар Оярсабаль гоолдож, испаничууд тоглолтыг тэргүүлж эхэлжээ. 

Испаничууд бөмбөгийг бүрэн эзэмшиж байлаа. Улмаар 66 дахь минутад Алекс Баэнагийн дамжуулалтаар Педро Порро гоолдсон бол 89 дэх минутад Оярсабаль Кукурельягийн дамжуулалтаар дахин нэг гоол орууллаа. Кукурельягийн хувьд ДАШТ-д 4 дэх гоолоо хийсэн байна. ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг тус бүр 6 гоолтойгоор Аргентины довтлогч Лионель Месси, Францын довтлогч Килиан Мбаппе нар тэргүүлж байна.

Хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг Ямаль онцгойлон татаж байв. Бэртлээсээ эргэн ирсний дараа түүнийг тоглолтод бага багаар дасгаж байсан бөгөөд энэ удаад гурав дахь удаагаа гарааны бүрэлдэхүүнд гарч, 85 минутыг талбай дээр өнгөрүүлэв. Ямаль хууралтыг чадварлаг гүйцэтгэж, эхний үед л гэхэд Австрийн хамгаалагч Конрад Лаймерийн хөлөн дундуур бөмбөгийг хэд хэдэн удаа гаргаад амжсан. Түүнд гоол оруулах боломжууд ч байв. Тухайлбал, эхний үед ойрын зайнаас цохисон боловч Австрийн хаалгач Шлагер хаасан байна. Мөн өөр нэг довтолгооны үеэр дахин ойрын зайнаас цохисон ч хамгаалагч Давид Алаба бөмбөгийг хаалганы шугамнаас хааж амжжээ. Хоёрдугаар үед ч Ямаль хууралтаа үргэлжлүүлсэн бөгөөд бөмбөгийг багийнхандаа бараг дамжуулахгүй байсан тул нэг хэсэгтээ багийнхан нь түүний тоглож байсан баруун жигүүр лүү бөмбөг дамжуулахгүй байв.

Испанийн шигшээ довтолгоондоо төгс тоглолт үзүүлэхийн зэрэгцээ хамгаалалтын хувьд ч дахин өндөр ур чадвараа харуулж, дараалсан дөрөв дэх тоглолтдоо хаалгандаа гоол алдалгүй дуусгав. Ингэснээр Испанийн шигшээ багийн хаалгач Унаи Симон ДАШТ-үүдэд дараалан гоол алдалгүй хамгийн олон минут тоглосон Италийн хаалгач Вальтер Дзенгагийн дээд амжилтыг эвдсэн байна. Симон одоогоор 519 минутын турш гоол алдаагүй байгаа бол Зенга 1990 оны ДАШТ-д 517 минут гоол алдалгүй тоглож байсан юм.

Испанийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Луис де ла Фуэнте багийнхаа тоглолтыг үндсэндээ төгс байсан хэмээн онцоллоо

Испаничууд ДАШТ-ий хасагдах шатанд 16 жилийн дараа анх удаа хожлоо. Хамгийн сүүлд тэд 2010 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Нидерландын багийг (1:0) хожиж байсан юм.

Испанийн шигшээ багийн 1/8 шигшээгийн тоглолт долоодугаар сарын 6-нд болно. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн