Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Энх тайван, хүний эрхийн хэлтэс, МУИС хамтран “Ардчиллын дархлаа: Хууль дээдлэх ёс ба ардчилал” сэдэвт бүс нутгийн хурал Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэллээ.
Дэлхий дахинд ардчиллын чанар, хууль дээдлэх ёс, төрийн институцийн чадавх, иргэдийн оролцоо, улс төрийн туйлшрал тулгамдсан асуудал болж буй учраас манай улс ардчиллын ирээдүй, тогтвортой байдлын талаар бүс нутгийн хэмжээнд өндөр түвшний яриа хэлэлцээг ийнхүү санаачилж байна. Энэхүү хурал нь Монгол, Швейцарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ардчиллын асуудлаарх бүс нутгийн яриа хэлэлцээний санаачилгын хоёр дахь томоохон үйл ажиллагаа бөгөөд 2025 онд зохион байгуулсан “Зөвлөлдөх ардчилал ба Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдэвт анхдугаар хурлын үргэлжлэл гэдгээрээ онцлог юм.
Хурлын эхний хэсэг болох “Ардчиллын эмзэг байдал ба дархлаа” сэдэвт хэлэлцүүлгээр ардчиллын тогтолцоонд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн тухай хэлэлцэв. БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ким Жонг Вон үндсэн хуулийн институцүүд ардчиллыг хамгаалахад ямар үүрэг гүйцэтгэдэг талаар илтгэл тавьсан бол Стэнфордын их сургуулийн профессор Киёотэрү Цүцүй хүний эрх, хууль дээдлэх ёс болон ардчиллын тогтвортой байдлын харилцан хамаарлыг олон улсын жишээн дээр тулгуурлан тайлбарлалаа.
Мөн АНУ-ын Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Стивен Фиш ардчиллын чанар, институцын хөгжил, улс төрийн тогтолцооны үр нөлөөний талаар харьцуулсан судалгааны үр дүнгээ танилцуулж, Швейцарын Бернийн их сургуулийн ахлах судлаач Шон Мүллер орон нутгийн өөрөө удирдах ёс, холбооны тогтолцоо болон ардчиллын тогтвортой байдлын талаар Швейцарын туршлагыг хуваалцсан юм.
Харин хурлын хоёр дахь хэсэг болох “Ардчилал ба иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт дэлхийд зөвлөлдөх ардчиллын онолыг хөгжүүлэгч, Стэнфордын их сургуулийн профессор Жеймс Фишкин иргэдийн зөвлөлдөх механизм бодлогын үр нөлөөний талаар хэлэлцүүлэв.

Стэнфордын их сургуулийн профессор Жеймс Фишкин ярихдаа “Ардчилал нь аливаа ардчилсан тогтолцоонд маш чухал. Учир нь, ардчиллын үндсэн зорилго бол ард түмний хүсэл зоригийг бодитой хэрэгжиж буй бодлого, шийдвэртэй холбох явдал юм. Иргэд зөвлөлдөх үйл явцад оролцсоноор тэдэнд үнэн зөв мэдээлэл хүрч, бие биенээ сонсож, өөрсдийн асуултад хариулт авч чаддаг. Ингэснээр тэд мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах боломжтой болдог. Тэгэхээр ард иргэд хангалттай мэдээлэлтэйгээр сонголтоо хийсний үндсэн дээр боловсруулсан бодлого илүү дээр үү, эсвэл хагас үнэн, худал мэдээлэл, төөрөгдүүлсэн суртал ухуулгад автан гарсан шийдвэр дээр суурилсан бодлого илүү дээр үү. Өнөөдөр сошиал сүлжээ суртал ухуулга түгээж, худал мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлж болох энэ цаг үед зөвлөлдөх ардчилал бүр ч чухал болж байна. Энэ нь ардчиллыг илүү чанартай болгож, хүн бүрийн дуу хоолойг сонсох боломжийг бүрдүүлдэг. Бид дэлхийн олон оронд нийт 160 зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан бөгөөд тэдгээрийн олонх нь бодлогод бодит нөлөө үзүүлсэн. Тухайлбал Япон, БНСУ, Тайвань, АНУ, Баруун Европ, Африкийн орнуудад хэрэгжиж байсан. Гэхдээ Монгол Улс энэ чиглэлээр тэргүүлэгч орон гэж хэлж болно” гэв.
Сүүлийн жилүүдэд улс төрийн туйлшрал нь ардчилсан орнуудын өмнө тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг болсон. Иймээс хурлын дөрөв дэх хэсэг болох “Улс төрийн туйлшрал ба Ази тив” сэдэвт хэлэлцүүлгээр нийгмийн хуваагдал, цахим орчны нөлөө, популизм, мэдээллийн экосистемийн өөрчлөлт зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Шри Ланк, Бангладеш, Япон, Индонез зэрэг орны төлөөлөгчид улс төрийн туйлшралын шалтгаан, үр дагавар, түүнийг даван туулах бодлогын шийдлүүдийн талаар туршлага хуваалцаж байгаа юм. “Ардчиллын дархлаа: Хууль дээдлэх ёс ба ардчилал” бүс нутгийн хурал нь ардчиллын нийтлэг сорилтуудыг хамтран хэлэлцэхээс гадна бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бодлогын шинэ санаачилга дэвшүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах үйл хэрэгт Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг тодотгох ач холбогдолтой хэмээн үзэж байна.



