БЭЭЖИН, 2026 оны долоодугаар сарын /Kyodo/. 2011 онд Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцад (АЦС) осол гарсны дараа Хятадын эрх баригчид аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгасан хэдий ч 2011-2024 оны хооронд Хятадын цөмийн реакторууд гол төхөөрөмжүүдийн доголдол, хүний буруутай үйл ажиллагааны улмаас 130 орчим удаа төлөвлөгөөт бус зогсолт хийсэн болохыг Хятадын Засгийн газрын тайлан мэдээллүүд харуулжээ.
Японы “Kyodo” агентлаг Хятадын Цөмийн аюулгүй байдлын үндэсний газраас гаргасан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.
Дээр дурдсан хугацаанд Хятадын АЦС-ууд болон цөмийн эрчим хүчтэй холбоотой бусад байгууламжид 500 гаруй удаа саатал гарсан тухай тус улсын цөмийн салбарын хяналтын байгууллагын тайланд дурджээ.
Төлөвлөгөөт бус зогсолтуудын зургаа нь олон улсын цөмийн болон цацрагийн ослын үнэлгээний шатлалаар (INES) 1-р түвшинд үнэлэгдсэн ноцтой тохиолдол байжээ. Энэхүү шатлал нь 0-7 хүртэлх түвшинтэй бөгөөд 1-р түвшин нь аюулын түвшнээрээ доороосоо хоёрдугаарт ангилалд тооцогддог байна.
Дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт ордог Хятад улс нь цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлж байгаа бөгөөд ашиглалтад байгаа цөмийн реакторынхаа тоог 2025 оны эцэс гэхэд 2011 оны сүүлчээр 15 байсныг 59 болгожээ.
Тус улс 2024 оноос эхлэн АЦС-аасаа ялгарч буй цацраг идэвхт бодисын талаарх тоо баримтыг нийтлэхээ зогсоожээ. Энэ шийдвэрийг 2022 онд Хятадын АЦС-ууд Японы Фүкүшимагийн АЦС-ын уг бодисыг асгах жилийн зөвшөөрөгдөх хязгаараас ес дахин их трити агуулсан хаягдал ус асгасан тухай гадаадын хэвлэлүүд 2024 онд мэдээлсний дараа гаргасан байна.