Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

САН-ПАУЛУ, 2026 оны долоодугаар сарын 1 /Reuters/. Европын Холбоотой (ЕХ) саяхан хэлэлцээр байгуулсан Өмнөд Америкийн орнуудын эдийн засгийн холбоо болох Меркосур худалдааны харилцаагаа өргөжүүлэхээр Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ хийж эхэлснээ мягмар гарагт зарлажээ.

Энэхүү хэлэлцээр байгуулагдвал нийт 7 их наяд ам.долларын ДНБ-тэй, 400 сая орчим хүн ам бүхий чөлөөт худалдааны бүсийг бий болох юм. Худалдааны шинэ түншлэл рүү ийнхүү эрмэлзэж байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэлхий даяарх худалдааны түншүүдийнхээ бараа бүтээгдэхүүнд өргөн хүрээний тарифууд ногдуулсны дараа улс орнууд эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэх болсонтой холбоотой.

Аргентин, Бразил, Парагвай, Уругвай зэрэг Меркосур-ын гишүү орнууд Парагвайн нийслэл Асунсьон хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр уг хэлэлцээг эхлүүлж байгаагаа мэдэгдэв. Энэ үеэр уг уулзалтыг зохион байгуулагч орон болох Парагвай улс тус эвслийг түр даргалагчийн үүргийг Уругвайд шилжүүлэн өгсөн байна.

Талуудын хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, тус холбоо нэг болон гуравдугаар сард Японы албаны хүмүүстэй хоёр удаа хэлэлцээ хийжээ.

Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва, Японы Ерөнхий сайд Такаичи  Санаэ нар зургаадугаар сарын эхээр болсон “Долоогийн бүлэг”-ийн (G7) дээд хэмжээний уулзалтын үеэр уулзадаа хэлэлцээг эхлүүлэх асуудлыг хэлэлцэж, өмнөх яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарсныг онцолж байсан юм.

“Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйн бус бараа бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхийн зэрэгцээ хоёр талын эдийн засгийн өртгийн сүлжээг уялдуулан хамтын ажиллагаа, харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорино” гэж мэдэгдэлд дурджээ.

Тус холбоо ЕХ-той 25 жилийн турш үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд энэ оны нэгдүгээр сард чөлөөт худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурж, дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсүүдийн нэгийг байгуулсан юм. Уг хэлэлцээрийг  тавдугаар сарын 1-нээс түр хугацаагаар хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Түүнчлэн Меркосур нь Японоос гадна Канад улстай худалдааны хэлэлцээр байгуулахаар хэлэлцээ хийж байгаа бөгөөд хоёр талын албаны хүмүүс энэхүү яриа хэлэлцээг ирэх 9 эсвэл 10 дугаар сар гэхэд дуусгана гэж найдаж байна.

Тус эвсэл удахгүй БНХАУ-тай ч чөлөөт худалдааны хэлэлцээг эхлүүлэхээр зорьж байгаа бөгөөд ингэснээр “дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж буй зах зээлүүдтэй улам бүр ойртох” болно гэж Бразилын Ерөнхийлөгч Лула да Силва дээд хэмжээний уулзалтын үеэр хэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн