Үндэсний мэдээллийн агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын олон улсын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.
Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ
(2026.06.22-2026.06.28)
ДЭЛХИЙН ТЕХНОЛОГИЙН ХУВЬЦААНУУД НЭГЭН ЗЭРЭГ ГҮН УНАЛТАД ОРОВ
Энэ долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээл технологийн салбарын уналттай холбоотойгоор эрс цочролд орлоо. Азиас эхэлсэн энэхүү уналт Европ, Уолл Стрит рүү хурдан тархаж, олон хөрөнгө оруулагчдын санааг зовоосон хэвээр байна.
Энэхүү цохилтод хамгийн хүчтэй өртсөн нь Өмнөд Солонгосын зах зээл байсан бөгөөд Samsung болон SK Hynix компанийн хувьцаа 12%-иар буусны улмаас KOSPI индекс нэг өдөрт 10% унаж, энэ нь цаашлаад барууны зах зээлүүд рүү хурдацтай тархав. Европт Stoxx 600 индекс 1% орчим, технологийн дэд индекс 3% буурч, ASMI болон STMicroelectronics хоёул 7%-иар уналаа. АНУ-д Nasdaq 2.21%, S&P 500 1.44%-иар тус тус буурсан бол Walmart, Procter & Gamble, Johnson & Johnson зэрэг технологийн бус компаниудын өсөлт тулгуур болсны ачаар Dow Jones ердөө 0.09%-ийн уналттай байв.
Энэхүү цочрол нь гол хоёр шалтгаантай бөгөөд тэдгээр нь нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд суурилсан компаниудын бодит байдалтай уялдахцуйц бус хэт өндрөөр үнэлэгдсэн байдал, хоёрдугаарт, АНУ-д зээлийн хүү өсөж болзошгүй тухай мэдээ байлаа. Тодруулбал, технологийн салбарын компаниуд нь их хэмжээний зээлд тулгуурласан хөрөнгө оруулалттай бөгөөд хөрөнгө оруулагчид зээлийн хүү өсөх тусам тухайн салбарын хувьцааг эрсдэлтэй байж болзошгүй хэмээн үзэж болгоомжилсон нь хувьцааны арилжааг эрчимжүүлж нийлүүлэлтийг огцом өсгөсөн байна. Түүнчлэн нөхцөл байдлыг улам хурцатгасан бас нэг хүчин зүйл нь SpaceX-ийн хувьцааны уналт ба уг хувьцааны 6-р сарын 12-нд хөрөнгийн зах зээлд оруулсан анхдагч үнэ нь $150 байсан бол түр хугацаанд $147 хүртлээ унажээ.
Шинжээчдийн олонх нь энэхүү уналтад хэт их санаа зовох шаардлагагүй гэж үзэж байна. Strategy Asset Managers-ийн захирал Том Хулик “зах зээлд мөнгөний урсгал хангалттай байгаа бөгөөд компаниудын ашгийн өсөлт хурдацтай хэвээр байна” хэмээн тайлбарлав. Тиймээс энэхүү үйл явдлыг зах зээл нуран унаж байна гэхээс илүү хэт огцом өсөлтийн дараах түр хугацааны тэнцвэрээ олох үйл явц гэж үзэх нь оновчтой. Цаашлаад удахгүй гарах томоохон компаниудын орлогын тайлан хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж чадах эсэх нь ирээдүйн чиг баримжааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ.
АНУ–ИРАН ХЭЛЭЛЦЭЭР ДЭЛХИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ДОРГИОВ
2026 оны 2-р сарын 28-нд АНУ болон Израил Иранд хамтарсан агаарын цохилт өгснөөр одоогийн түүхий эдийн хямрал эхэлсэн бөгөөд энэ нь Иран улсыг Ормузын хоолойг хаахад хүргэсэн юм. Олон улсын эрчим хүчний агентлаг энэхүү үйл явдлыг “дэлхийн нефтийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том нийлүүлэлтийн тасалдал” хэмээн тодорхойлж, 1970-аад оны эрчим хүчний хямралтай зүйрлэсэн. Өөрөөр хэлбэл эдгээр үйл явдлууд нь нийлүүлэлтийн хомсдол, валютын хэлбэлзэл, стагфляц болон эдийн засгийн уналтын эрсдэл нэгэн зэрэг дэгдсэнээрээ ижил төсөөтэй юм. Мөргөлдөөний үеэр брент төрлийн газрын тосны үнэ 50 гаруй хувиар өсөж, нэг баррель нь 120 доллараас давсан нь дэлхийн эдийн засагт томоохон цочролыг үүсгэж, инфляц огцом өсөхөд хүргэсэн билээ.
Олон сарын эрчимтэй олон талт хэлэлцээрийн эцэст 2026 оны 6-р сарын 17-нд Трамп болон Иран улсын Ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Исломобод тунхаглал”-д гарын үсэг зурсан нь шийдвэрлэх үйл явцад ахиц дэвшил болов. Энэхүү баримт бичигт 60 хоног галыг зогсоох, Ормузын хоолойг нээх, мөн хоёр тал Иран улсын цөмийн хөтөлбөр болон хориг арга хэмжээний асуудлыг хэлэлцэн тохиролцох тухай заасан байна. АНУ-ын талаас Ираны боомтуудад тавьсан далайн хориг арга хэмжээг цуцалж, ерөнхийлөгч Трамп “Дэлхийн хөлөг онгоцнууд аа, хөдөлгүүрүүдээ асаа. Нефть урсаг!” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм.
Зах зээл энэхүү үйл явдалд хурдтай хариу үзүүлсэн нь 6-р сарын 13-ны байдлаар АНУ-ын WTI хэмжигдэхүүн 6 хувиар буурсан явдал бөгөөд энэ нь Ормузын хоолойн урсгал бүрэн сэргэнэ гэсэн хүлээлт нэмэгдсэнтэй холбоотой. Энэ долоо хоногт брент газрын тос нэг баррель нь $74.73 болж буурсан бол алтны үнэ 2025 оны 11-р сараас хойш анх удаа $4,000-оос доогуур буюу 3.4 хувиар унаж $3,978.67 болсон нь долларын ханш бэхжиж, хүүгийн түвшин удаан хугацаанд өндөр хэвээр байна гэсэн таамаглалаас улбаатай гэж үзэж байна.
Гэсэн хэдий ч Goldman Sachs банк Ормузын хоолой бүрэн нээгдээгүй тохиолдолд нефтийн үнэ жилийн эцэст $130-оос давж болзошгүйг анхааруулж, үүний гол шалтгаануудаар нөөцийн хангалттай бус байдал болон Персийн булангийн дэд бүтцэд учирсан хохирлыг дурдав. Түүнчлэн Иран улсын цөмийн хөтөлбөрийн асуудал болон Израил Ливан дахь гал зогсоох нөхцөлийг зөрчсөн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа нь геополитикийн хурцадмал байдал дэлхийн зах зээлд дахин сөргөөр нөлөөлж уналтад оруулах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Дэлхийн хөрөнгийн зах зээлийн тойм
Өнгарсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүдэд геополитикийн эрсдэл тодорхой хэмжээнд буурсан ч мөнгөний бодлогын тодорхойгүй байдал зах зээлийн гол хөдөлгөгч хүчин хэвээр үлдлээ. Газрын тосны үнэ буурснаар инфляцын эрсдэл намжих эерэг нөхцөл бүрдсэн боловч төв банкууд бодлогын хүүгээ удаан хугацаанд өндөр түвшинд хадгалах магадлал хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршлыг хязгаарлав. Үүний зэрэгцээ AI-тэй холбоотой өндөр үнэлгээтэй технологийн хувьцаануудын засвар хөдөлгөөн үргэлжилж, хөрөнгө илүү хамгаалалтын салбар болон тогтвортой мөнгөн урсгалтай компаниуд руу шилжих хандлага ажиглагдсан.
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
S&P 500: -1.95%
Dow Jones: +0.62%
Nasdaq: -4.48%
АНУ-ын хөрөнгийн зах зээл холимог гүйцэтгэлтэй байлаа. Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн ч инфляцтай тэмцэх байр сууриа хадгалж, шаардлагатай тохиолдолд дахин хүү өсгөх боломжтой гэсэн дохио өгсөн нь өндөр үнэлгээтэй технологийн хувьцаанд дарамт үзүүлэв. Үүний зэрэгцээ АНУ-Ираны энхийн хэлэлцээрийн ахиц дэвшил газрын тосны үнийг бууруулж, инфляцын эрсдэлийг хэсэгчлэн намжаасан ч хөрөнгө оруулагчид мөнгөний бодлогын тодорхойгүй байдалд илүү анхаарал хандуулсан хэвээр байлаа. AI салбарын үнэлгээ өндөр хэвээр байгаа талаар болгоомжлол нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын нэг хэсэг технологийн салбараас илүү хамгаалалтын болон үнэ цэнийн хувьцаа руу хөрөнгө шилжүүлэв.
ЕВРОПЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
- FTSE 100: +0.67%
- STOXX Europe 600: +0.00%
- DAX 40: -1.86%
- CAC 40: -0.58%
Европын хөрөнгийн зах зээл харьцангуй тогтвортой байсан ч улс орон бүрийн гүйцэтгэл ялгаатай байв. АНУ-Ираны энхийн хэлэлцээрийн талаарх эерэг мэдээлэл эрчим хүчний үнийг бууруулж, Европын инфляцын дарамт саарах хүлээлтийг нэмэгдүүлсэн нь банк, аялал жуулчлал зэрэг салбаруудад дэмжлэг болсон. Харин экспортын чиглэлтэй аж үйлдвэрийн компаниуд дэлхийн өсөлтийн төлөв болон технологийн салбарын сулралтай холбоотойгоор дарамтад оржээ. Хөрөнгө оруулагчид Евро бүсийн инфляцын мэдээлэл болон Европын Төв банкны дараагийн бодлогын чиглэлийг анхааралтай ажигласан хэвээр байлаа.
АЗИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
- Nikkei 225: -2.40%
- KOSPI: -6.07%
- CSI 300: -1.64%
- SSEC: -1.63%
Азийн хөрөнгийн зах зээл долоо хоногийн турш хэлбэлзэлтэй байлаа. Өмнөд Солонгосын зах зээлд AI болон хагас дамжуулагчийн хувьцааны хүчтэй борлуулалт үргэлжилж, технологийн салбар бүс нутгийн индексүүдийг доош татав. Японд хөрөнгө оруулагчид мөнгөний бодлогын хүлээлт болон иений ханшийн өөрчлөлтийг үнэлж байсан бол Хятадын зах зээл үл хөдлөх хөрөнгийн салбарын сул байдал болон эдийн засгийг дэмжих шинэ бодлогын хүлээлтийн нөлөөн дор арилжаалагдлаа. Ерөнхийдөө бүс нутгийн зах зээлүүд дэлхийн технологийн салбарын савлагаа болон АНУ-ын өндөр хүүгийн орчны эрсдэлийг даган болгоомжтой хандсан хэвээр байв.
